Сум хөгжүүлэх сангийн зээлийн 70 гаруй сая төгрөг төлөгдөөгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд Сум хөгжүүлэх сангаас зээл авсан 42 иргэн зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлжээ. Үүнтэй холбоотой 170.7 сая төгрөгийн нэхэмжлэлийг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэн 19 иргэний 99.1 сая төгрөгийг төлүүлж, үлдэгдэл 71.5 сая төгрөгийг гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаж байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Улиастай сумын ЗДТГ-аас Сум хөгжүүлэх санд ирүүлсэн 1994.9 сая төгрөгийн 189 төслөөс төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр 58 иргэн, аж ахуйн нэгжид 197.5 сая төгрөгийн зээл олгожээ.
Мөн 2017 оны сүүлийн хагас жилд буюу зургадугаар сард 10 иргэн, аж ахуйн нэгжид 79.8 сая, нийт 68 иргэн, аж ахуйн нэгжид 277.3 сая төгрөгийн зээл олгож дэмжлэг үзүүлсэн байна.
Сум хөгжүүлэх сангаас иргэд голдуу арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мод модон эдлэл, хүнсний үйлдвэрлэл, гахай, тахианы аж ахуй, газар тариалангийн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр зээл авсан байна.
Б.Мягмарсүрэн