"Баруун-Урт хөгжил-2017" үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-20 13:07:38
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хороо хамтран "Баруун-Урт хөгжил-2017" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд арваад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож байгаа юм. Тус сумын хэмжээнд 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг аж.

“Манай салбар хороо одоогоор 300 гаруй баялаг бүтээгчтэй. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгч нараас гадна малчид оролцож байгаа. Малчид бол бүгд баялаг бүтээгчид байдаг гэдэг утгаараа бид энэ жил тэднийг зориуд оролцуулж байгаа юм. Үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, бизнесийн эрхзүйн орчныг хамгаалах нь бидний үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулж, олон нийтэд сурталчилж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх нь энэ үйл ажиллагааны гол зорилго юм. Цаашлаад тэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээсээ туршлага судалж, хамтдаа хөгжих эхлэл болох юм” хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хорооны тэргүүн О.Батсайхан хэллээ.

Мөнххаан сумаас тус үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн Н.Цээсүрэнгийн хувьд 20-иод жил өрхийн хүрээнд эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нэгэн. Хүүхдийн бойтог, эсгийн гутал, шаахай, улавч, ширдэг, гоёл чимэглэл гээд эсгийгээр урлаж болох бүгдийг хийдэг. Тэрээр хэлэхдээ “Би 20 орчим жил гэртээ эсгий бүтээгдэхүүнээ хийж борлуулж амьдрал ахуйгаа залгуулж байна. Хурганы ноос олдоц ихтэй учир анх үйл ажиллагаагаа эхлүүлэхэд тийм ч хүндрэлтэй байгаагүй. Иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд манай бүтээгдэхүүнийг их авдаг болсон. Хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй ч болсон. Манай үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд үргэлжилж байдаг” гэсэн юм.

Баруун-Урт хөгжил 2017 үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ