МАХН-аас О.Баасанхүүг хасах хангалттай үндэслэл бүрджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь намаас хасагдах үндэслэлийг бүрдүүлсэн хэмээв.
Хэвлэлийн бага хурлыг МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан нар хийв. Тэд О.Баасанхүү нь улс төрийн намын тухай хууль болон МАХН-ын дүрмийг удаа дараа зөрчсөн. Тодруулбал, Бага чуулган, Гүйцэтгэх товчооныхоо хуралд ирдэггүй, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болж ажиллаж байна хэмээн буруутгав. Түүнчлэн О.Баасанхүү гишүүн намын Бага чуулганыг хуралдуулахаар гарын үсэг цуглуулж намдаа өргөн барьсан ч бусдын өмнөөс гарын үсэг зурсан эсвэл өөр намын гишүүдийн гарын үсгийг цуглуулсан болохыг тогтоосон. Иймд түүнийг намаас хасах эсэх тухай асуудлыг МАХН дотооддоо ярихаар хэмжээнд хүрсэн гэв.
Үүний зэрэгцээ МАХН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын "Тавантолгойн ордыг ард түмэнд эзэмшүүлэх ёстой" гэсэн уриалгыг дэмжиж байгаагаа энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ