Парисын “хар баасан гараг”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-11-16 13:50:10

Өнгөрсөн баасан гарагт Парис хотод Франц улсын түүхэнд гарч байгаагүй аймшигт цуст халдлага болсны улмаас 129 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадлаа. Алан хядагчид хэдхэн цагийн дотор долоон удаагийн дараалсан халдлага үйлдэхдээ хүмүүсийг ресторанд хооллож байхад нь, концерт, хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхад нь бөмбөг дэлбэлэн, автомат буугаар гал нээн, бөөнөөр нь хөнөөсний дараа Парисын гудамжууд дайны талбар мэт болсон байсныг телевизийн дэлгэцээр үзсэн дэлхий нийт цочролд оров.

Ерөнхийлөгч Ф.Олланд улс орондоо онц байдал тогтоож, хилээ хаалаа. Хамгийн сүүлд гэхэд, 2005 онд Францад онц байдал тогтоож байсан нь тухайн үед хоёр дахь үеийн цагаачид болох исламын шашинт залуус эмх замбараагүй байдал дэгдээж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэнтэй холбоотой юм. Францчуудын хувьд “онц байдал” гэдэг үг бүр 1960-аад оны үед Алжирт болж байсан дайны үеийг санагдуулдаг байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэлэхдээ “энэ бол зөвхөн Парис хот, Францын ард түмэнд халдсан хэрэг биш, энэ бол бүх хүн төрөлхтөн хийгээд та бидний үнэт зүйлс рүү халдсан үйлдэл” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэсний үндсэн дээр л терроризмын аюул заналыг зайлуулж чадна” гэжээ.   Халдлага үйлдсэний хариуцлагыг өөртөө хүлээгээд байгаа “Лалын улс”-ын энэ дайралтыг “Францад болсон 9 дүгээр сарын 11”, “Парисын хар баасан гараг” хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.

Парист болсон энэ аллага нь лалын хэт даврагчдын 2004 онд Мадридад галт тэрэг дэлбэлсэн, 2005 онд Лондон хотын метронд үйлдсэн халдлагын үргэлжлэл боллоо. Германы Дойче Велле сонинд бичихдээ “Парист болсон халдлага бол Европ тивд террорын шинэ давалгаа бий болсныг харуулж байна” гэж дүгнэжээ.                  

Террористуудын занаанд өртөв

2013 оны нэгдүгээр сард Мали улсад цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Франц улс лалын террористуудын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцсоор иржээ. 2014 онд Ирак дахь “Лалын улс”-ын эсрэг олон улсын эвсэлд тус улс нэгдсэн бол 2015 оноос Сирийн нутаг дэвсгэрт байгаа хэт даврагсдад агаараас цохилт өгч эхэлсэн, түүнчлэн хэдхэн хоногийн дараа Францын “Шарль де Голль” гэдэг нисэх онгоц тээгч хөлөг Ирак, Сири дэх “Лалын улс”-ын объектуудад цохилт өгөхөөр Персийн буланг зүглэн хөдлөх гэж байгаа нь “Лалын улс”-ынхны хорслыг төрүүлж, алан хядагчдын занаанд өртөхөд хүргэжээ. “Манай улс дэлхийн хэд хэдэн бүс нутагт байлдааны ажиллагаа явуулж байгаагийн улмаас террористуудын халдлагын бай болоход хүрч байна, иймээс гадаад бодлогоо эргэн харах нь зүйтэй бус уу?” гэсэн санааг Ле Монд сонин илэрхийлжээ.

Парист болсон халдлага бол нийтийг цочролд оруулсан аймшигт явдал яах аргагүй мөн, гэхдээ гэнэтийн зүйл огт байгаагүй. Шарли Эбдо шог сэтгүүлийн редакцид халдсаны дараачаас л Европ тивд халдлага болох магадлал өндөр байгаа нь тодорхой болсон. Учир нь, Франц болон Европын бусад улс орны олон мянган иргэд Сирийг зүглэж, тэнд очсон хойноо хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдэд элсэн орж байлаа. Эдгээр хүмүүс дүрвэгсдийн цуваанд уусан орж Европт олноороо буцаж ирж байгааг тусгай албад мэдэж байсан. Тэр ч байтугай цагаачдын хямрал ид даамжирч байсан намрын саруудад “Лалын улс”-ын 4000 орчим тооны гишүүд зүсээ хувирган дүрвэгсдийн дүрээр Европын гүн рүү явж байна, тэд эгзэгтэй мөчийг анаж байгаад хэзээ мөдгүй халдлага үйлдэж магадгүй гэж хэвлэлүүд олонтаа анхааруулж байсан билээ. Францаас гэхэд 571 хүн “Лалын улс”-ын талд байлдахаар Сири, Иракт очсон тухай тов тодорхой тоо ч байгаа бөгөөд тэд нутагтаа эргэн ирэх нь “удаашруулсан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг”-тэй зүйрлэхүйц аюултай гэж Ле Фигаро сонинд бичиж байв. Террористууд өмнө нь бурхан шашныг нь доромжилсон гэдгээр шалтаглан Шарли Эбдо руу /тухайн хувь хүн, албан байгууллага руу/ дайрч байсан бол өдгөө илүү нарийн зохион байгуулалтанд орж, хаа тааралдсан газраа, ямар ч гэм зэмгүй хүмүүсийг бөөнөөр нь хядаж, 10 сая хүнтэй аварга том хотын амьдралын хэмнэлийг бүрмөсөн өөрчиллөө. 

Аюулгүй байдлын асуудал эргэлзээ төрүүлж байна

Тус сонины үзэж байгаагаар, Парис хотод энэ сарын 30-наас ирэх сарын 11 хүртэл явагдах гэж буй Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болох эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Энэ нүсэр арга хэмжээнд 40 мянган хүн, 196 орны төлөөлөгчид оролцоно. Уг хурлын өмнөх өдөр Парист байгаль орчныг хамгаалах уриан дор олон мянган хүнийг хамарсан жагсаал болох гэж байгаа. Энэ үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь ойлгомжгүй байна гэж тус сонин анхааруулжээ.

Түүнчлэн тус улсын Л’Экип гэдэг сонин Францад зохион байгуулах гэж буй спортын уралдаан тэмцээний зохион байгуулалтад санаа зовнисон нийтлэл гаргажээ. Энэ нь юуны өмнө, ирэх зун Францын 10 том хотод болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой. Асар олон үзэгчтэй, маш нарийн зохион байгуулалт шаарддаг ДАШТ-ээс дутахгүй энэ том тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангах асуудал нэн хурцаар хөндөгдөж байна.

Францын хил, гааль, тусгай албаныхан Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт 30-ны өдөр болох гэж байгаатай холбоотойгоор нэлээд хэд хоногийн өмнөөс хил дээрээ түр хугацааны хяналт тогтоогоод эхэлчихсэн байсан бөгөөд энэ нь Шенгений орнуудын хувьд олон улсын томоохон хурлын үеэр авдаг ердийн ээлжит арга хэмжээ билээ. Тэгэхээр баасан гарагийн халдлагыг үйлдсэн террористууд хилийн хяналтыг чангатгахаас өмнө тус улсад нэвтэрсэн болж таарч байна. Үүнтэй холбоотойгоор, тусгай албадын эрх мэдлийг нэмэгдүүлье гэсэн дуу хоолой улам чанга сонсогдох болов. Харин саяны халдлагыг зогсоож чадсангүй хэмээн тусгай албадыг шүүмжлэх нь бараг сонсогдохгүй байна, учир нь террористууд гэнэт нэг дор 7 удаа цуврал халдлага үйлдэхдээ хэнийг ч хамаагүй тааралдсан газартаа буудан хөнөөнө гэдгийг урьдчилан мэдэх ямар ч арга байхгүй юм.

Дотоодын улс төр дэх өөрчлөлт  

Террорист халдлагын дараа Марин Ле Пэн болон түүний удирддаг хэт барууны “Үндэсний фронт” болон баруун төвийн үзэлт бүгд найрамдахчуудын намын удирдагч Николя Саркози нарын олон нийтийн зүгээс хүлээх дэмжлэг нэмэгдэх нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна. Энэ хоёр хүн цагаачлалын бодлогыг чангатгах, улс оронд аюулгүй байдлыг хангах талаар хатуу арга хэмжээ авахыг байнга шаардсаар ирсэн юм. Саркозигийн хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө нам дотроо өөртэй нь өрсөлдөж буй аядуу үзэлт Ален Жюппег ялах магадлал Парист болсон халдлагын дараа илт өснө гэж ажиглагчид үзэж байна. 

Цагаачид ба аюулгүй байдал 

Цагаачлалын бодлого дэндүү эмх цэгцгүй, урсгалаараа явж байгааг улстөрчид, хэвлэлийнхэн олонтаа шүүмжилж байсан билээ. Цагаачдад хэтэрхий хүлээцтэй хандаж, цагаачлалын асуудлыг аюулгүй байдлын арга хэмжээтэй уялдуулан зохицуулж чадаагүйгээс цаашдаа ч халдлага гарах эрсдэл байсаар байна гэж үздэг хүмүүс олширсоор.

Үүнтэй холбоотойгоор Европын орнууд эхнээсээ цагаачдыг хүлээн авахаас татгалзаж эхэллээ. Тухайлбал, Польшийн Европын асуудал эрхэлсэн сайд Конрад Шимански “манай улс Европын Холбооноос тогтоосон квотын дагуу цагаачдыг хүлээн авахаас татгалзаж байна, учир нь ийм олон тооны хүнийг нутагтаа байрлуулснаас үүдэлтэй эрсдэл дэндүү их боллоо” гэж мэдэгдлээ. Польш улс квотын дагуу Ойрхи Дорнодоос ирсэн 10 мянган дүрвэгчийг нутагтаа байрлуулах үүрэг хүлээсэн юм.  Сүүлийн үеийн мэдээгээр, Латви улс мөн адил нэмж цагаачид авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Дүгнэлт

Хөдөлгүүрт нь террористууд тэсрэх бөмбөг тавьсны улмаас Оросын зорчигч тээврийн онгоц Синайн хойгт сүйрсэн нь үндсэндээ тодорхой болсон, 11-ний өдөр Ливанд дэлбэрэлт болж 43 хүн амиа алдсан, 13-нд Парист халдлага болсон зэрэг аймшигт үйл явдлууд ойр ойрхон дараалан гарлаа. Энэ бүхэн нь терроризмын үүр уурхайг устгахгүй, Сирийн иргэний дайныг зогсоохгүй байх аваас иймэрхүү халдлагын аюул дэлхий аль ч улс орныг сүүдэр мэт дагах болно гэсэн сэрэмжлүүлгийг өгч байна.  

                                                                   Б.Адъяахүү

Холбоотой мэдээ