Бан Ги Мүн Умард Солонгост айлчилна гэх мэдээлэлд тайлбар өгсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-16 10:50:23

НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ долоо хоногт Пхеньянд айлчлах тухай хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тус байгууллага ням гарагт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

“Энэ талаар өгөх тайлбар бидэнд алга” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик хэлжээ.

Бан Ги Мүн Умард Солонгосын нийслэлд энэ долоо хоногт айлчилна гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг урьд нь НҮБ-ын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

2017 онд Өмнөд Солонгост болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа Бан Ги Мүн Солонгос хоорондын аж үйлдвэрлэлийн Кэсон цогцолборт тавдугаар сард очихоор төлөвлөж байсан юм. Гэвч айлчлал болоогүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх шийдвэрээ Пхеньяны эрх баригчид ямар нэг тайлбаргүйгээр татсан билээ. Үүнээс өмнө Бан Ги Мүн “сүүлийн 20 гаруй жилд Умард Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан НҮБ-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга болно” гэж мэдэгдэж байв. НҮБ-ын тэргүүн нараас Бутрос Бутрос Гали хамгийн сүүлд 1993 онд Умард Солонгост айлчилж байжээ.

Хэрэв Пхеньян, Сөүлийг эвлэрэхэд нөлөөлхөөр бол Умард Солонгост айлчлахад бэлэн буйгаа Бан Ги Мүн сүүлийн жилүүдэд нэг бус удаа мэдэгдсэн юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ