УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-09 12:15:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

Хориг хэлэлцэж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцлоо. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ, “Би хийх ажилгүйдээ хориг тавиад байгаа юм биш. 55 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Ажлын байр нээх, цэцэрлэг сургууль барих зэрэгт эл мөнгийг төсөвлөх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг он дуусахаас өмнө хаалттай горимоор хуралдуулна” гэсэн юм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Төрийн албан хаагчийн цалин 1.5 их наяд төгрөг байдаг. Цалинг 10 хувиар нэмэх бүрэн бололцоотой. Нэг удаагийн тусламж үзүүлэх биш, цалинг нэмэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Төсвийн тогтвортой байдлын хуулиа ягштал мөрдөх учиртай. Өнөөдрийн бидний хэлэлцэж буй төсвөөс ямар үр дагавар гарахыг сайтар тооцоолох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “ҮАБЗ-ийн хуралдааныг хаалттай горимоор хуралдуулах нь зүйтэй. Улс орны нөхцөл байдал хүндэрч байна. Болж бүтэж байгаа салбар байна уу гэхээр байхгүй л байна. Шударга ёсыг лоозогноод байх биш, ажлын байр бий болгож иргэдээ ажилтай орлоготой болгомоор байна” гэлээ.
 
УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Хүүхдийн мөнгийг 8 сараас хойш олгоогүй. Төсвийн тодотголд хүүхдийн мөнгөнд зориулж 104.5 тэрбум төгрөгийг суулгасан. Хэрэв хоригийг хүлээж авбал бид он дуусталх хүүхдийн мөнгийг олгохгүйд хүрнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Ерөнхийлөгч хоёр ч удаа ойр ойрхон хориг тавьлаа. Ерөнхийлөгч бол эв нэгдлийг сахих ёстой. Монгол Улс өнөөдөр өрийн дарамтад орчихлоо. Ажилгүйдлийн түвшин нэмэгдлээ. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүний тоо өслөө. Жилд 250 хүн бусдын гарт амь насаа алдаж байна. Хавдраар өдөрт 7 хүн нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 17 мянган баялаг бүтээгчдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Монгол Улс өнөөдөр улстөрийн тогтворгүй байдлын жагсаалтад орлоо. Нэг Засгийн газар 1.3 жил ажилласан байна. Бид эдгээр нөхцөл байдлыг ярих ёстой. Түүнээс хориг тавиад сууж байх ёсгүй” гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “ОУВС-гаас гарах хэрэгтэй. Төсвийн тодотголоор халамж хэлбэрээр мөнгө тарааж байгаа нь буруу” гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Санжмятав, “Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг УИХ-ын гишүүд шийддэг юм биш. Оруулж ирсэн хоригийн зөв буруу л шүүх ёстой. Улс орны тогтворгүй байдлыг Ерөнхийлөгч үүсгэсэн ч юм биш. Танай бүлэг хоёр хуваагдаад байгаа. Дотоодын үл ойлголцлоо арилгах хэрэгтэй. Анх хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно гэж төсөвлөсөн байсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмнөх Засгийн газар нийт хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс АН төсвийн тодотголоо хийгээч ээ хэмээн шаардаж байсан” хэмээв.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн урамшуулал авахгүй гээд байгаа. Түүний оронд 55 тэрбум төгрөгийг ахмадуудад өгье” гэсэн саналтай байгаагаа хэллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ, “Ерөнхийлөгчийн хувиар бүрэн эрхийн хүрээнд хоёр удаа хориг тавьсан. Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хориг тавьсаар байх болно. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг хийх гэсэн боловч Засгийн газар солигдоод хуралдаагүй. Одоо хуралдах хуралдаанаар асуудлуудыг нухацтай авч хэлэлцэнэ" гэлээ. 

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь "Хоригийг хүлээж авах боломжгүй" гэж үзлээ.
Б.Туул
Холбоотой мэдээ