Өлгий хотод олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-07 15:22:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутгийг судлах музейд "Нүүдэлчид" Олон Улсын уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд АНУ, ОХУ, Казахстан, Монголын 24 уран бүтээлчийн уран зураг, зэс, гууль, мод, ясан сийлбэр, дархан эдлэл зэрэг 120 бүтээл тавигджээ.



"Нүүдэлчид" олон улсын уран бүтээлийн үзэсгэлэнг аймгийн Орон нутгийг судлах музей, АНУ-ын зураач К.Берик болон Баян-Өлгий аймгийн зураачид хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний зорилгыг Орон нутгийг судлах музейн захирал А.Айшагүл: "Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа зураач, уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг аймгийн ард иргэдэд сурталчлах, уран бүтээлчдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжихэд оршиж байна. Мөн энэ үзэсгэлэн маань Монголын казахуудын тус нутагт нүүж ирэн суурьшсаны 150 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой" хэмээн тайлбарлалаа.



Үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг маргааш шалгаруулж, урамшуулах юм. Олон улсын үзэсгэлэн энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг сонирхохоор ирсэн ард иргэдээс ямар нэгэн төлбөр хураамж авахгүй ажээ.    

Ө.Нурболат

Холбоотой мэдээ