Томуугийн дэгдэлт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-03 11:36:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт аймгийн хэмжээнд сум, өрхийн эрүүл мэндийн 18 төвийн амбулатори /амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын нэгж/-д нийтдээ 5471 хүн ханджээ. Тэдгээрээс 185 хүн буюу 3,38 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад  0,42 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 260 дуудлагын 16,1 хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж, 5,04 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас томуугийн эсрэг вакцины сайн дурын дархлаажуулалтыг энэ сарын 1-нээс зохион байгуулж эхэлжээ.

Мөн бүх сумдын цэцэрлэгүүдэд хүүхдүүдийн ирцийн бүртгэлийн тандалт судалгаа хийж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуугийн цэгэн массаж хийх талаар сургалт зохион байгуулж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ