Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-02 20:19:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдлаа. 
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн юм. Гишүүдийн асуултад өгсөн хариултаас дурдвал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, "2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зарим хороонд газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Иймд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах, ашиглалтын хугацаа дууссан хуучин сургууль, цэцэрлэгийг нураах замаар хүүхдийн суудлыг нь нэмэгдүүлсэн шинэ барилга барих, төрийн болон хувийн хэвшлийн компанид түшиглэн, цэцэрлэг байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна", Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, "Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгоход анхаарч Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах арга хэмжээнд 56,6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Мөн төрийн албан хаагчдын нэмэгдэл урамшуулал, нэмэгдэл хөлсний асуудлыг авч үзэхээр Ажлын хэсэг ажиллаж байна" гэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их хурлын Байнгын хороодууд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороодод шилжүүллээ.
Үүгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Н.Туяа
Холбоотой мэдээ