Зимбабве улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-02 11:14:30
ХАРАРЕ. /Шиньхуа/. Зимбабве улсад хүн амины хэрэг нэмэгдэх болсонтой холбоотойгоор цаазын ялыг сэргээхийг дэмжиж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе дахин илэрхийллээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Тус улсад цаазын ял хүчин төгөлдөр байгаа боловч цаазын ялыг гүйцэтгэдэг ганц зандалчин 2005 онд тэтгэвэрт гарснаас хойш нэг ч хоригдлыг цаазлаагүй байгаа аж. Одоогоор тус улсад цаазын ял сонссон 80 хүн байна. Ажилгүйдлийн түвшин 90 хувиас даваад буй тус улсад удаан хугацаанд эзэнгүй байгаа цаазын ял гүйцэтгэгчийн орон тоонд 50 гаруй хүн өрсөлдөж байгаа гэсэн мэдээлэл байна.
 
Р.Мугабе өчигдөр нийслэл Хараре хотод мэдэгдэл хийхдээ “Манай улсад хүчингийн хэрэг, хүн амины хэрэг эрс нэмэгдэх боллоо” гэж хэлээд, цаазын ялыг сэргээхийг засгийн газартаа, хүний амьд явах эрхийг хүндэтгэхийг ард түмэндээ уриалжээ.

Саяхан тус улсын Зүүн Машалонад мужийн Мутоко хотод Ромын католик шашинт нэгэн эмэгтэйг хүчирхийлж, хөнөөснийхөө дараа цогцсыг нь далан руу шидсэн гутамшигт хэрэг гарсныг өдгөө 94 настай Ерөнхийлөгч Р.Мугабе дурдаад “Энэ мэт харгис балмад хэрэг үйлдсэн этгээдүүдэд хамгийн хатуу ял шийтгэл оноох хэрэгтэй байна. Цаазын ялыг сэргээе. Хүн хүнээ хүндлэхгүй болж байна. Тэд нэг нэгнийгээ алж талж байна. Бид үүний төлөө улс орноо чөлөөлсөн гэж үү?” гэжээ.
 
Зимбабве улсын 2013 онд баталсан Үндсэн хуулиар 18-аас доош насны болон 70-аас дээш насны эрэгтэйчүүд болон бүх эмэгтэйг цаазын ялаас чөлөөлжээ. 

 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ