1400 гаруй тонн үр тариаг ногоон тэжээлд шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-01 00:48:54
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт ургац хураалтын ажил бүрэн дуусаад байна. Тус аймгийн хэмжээнд хавар нь хүйтэн, зун нь гантай, хэт халуун байснаас болж 1423,3 тонн үр тариаг ногоон тэжээлд шилжүүлж, 46 мянган боодол ногоон тэжээл бэлдэж 20 мянгыг нь малчдад нийлүүлжээ.
Дээрх хүчин зүйлсийн улмаас ургац алдаж, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд үрийн нөөцгүй болсон тул ирэх жил 1300 орчим тонн үр дутагдахаар байна. Мөн тариалангийн атаршсан талбайг төсөл сонгон шалгаруулах замаар эргэлтэд оруулахыг малчид эсэргүүцэж байгаа тул малчин, тариаланчийн хооронд гарах зөрчилдөөн ихэсч байгаа нь цаашид анхаарах асуудлын нэг болжээ.

2017 онд аймгийн хүн амын хэрэгцээт төмсний 96 хувь, хүнсний ногооны 23 хувь, гурилын 35,6 хувийг хангах хэмжээний ургац хураан авчээ. Тодруулбал 8217,5 га талбайд үр тариа тариалснаас 2113 тонн, төмс 3917 тонн, хүнсний ногоо 2002 тонн, малын тэжээл 2593 тонн, жимс жимсгэнэ 79 тонн, рапс 102 тонныг хураан аваад байна.
 
Б.Батчимэг
Холбоотой мэдээ