Замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2017-10-25 09:47:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргалаа.

Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газрын ажил байдалтай танилцах үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа.
Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллахыг сануулжээ.
 Түүнчлэн Уул уурхайн сайд журам, тогтоолын цоорхойг ашиглах лиценз олголтын асуудлыг эргэн харж зөв голдиролд оруулахын тулд тушаал гаргасан байна.

Уг тушаалд, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотой олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байна. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан. Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болголоо” гэжээ.
Б.Заяа 
Холбоотой мэдээ