Вашингтоны Сири дэх бодлогыг дүгнэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Вашингтон хотод АНУ-ын Энх тайвны байгууллагад үг хэлэх үеэрээ тус улсын Сирид баримталж буй гадаад бодлогын талаар Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри санаа бодлоо илэрхийлсэн байна.
“Байдал энэнээс хурцдана гэж байхгүй” гэж тэрбээр хэлээд “АНУ зөв замнаж байна. Бид урагшилж, урдах замаа тодорхой харж байна” хэмээн зөвтгөсөн байна.
Мөн Обамагийн Засгийн газрын баримталж буй, Сири дэх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гурван гол зорилтыг Төрийн нарийн бичгийн дарга тайлбарласан байна. Нэгдүгээрт, “Лалын улс” террорист бүлэглэлийг дарах, хоёрдугаарт, дипломат харилцааг бэхжүүлэх, гуравдугаарт, Сирийн тогтворгүй байдлыг хил давуулахгүй байх тал дээр анхаарч, бүс нутгийн холбоотнуудаа дэмжих гэсэн гурван зорилтыг Керри тэмдэглэжээ.
Мөн тэрбээр “Лалын улс” үүсэн бий болсонд Сирийн Засгийн газрыг буруушаав. АНУ тэргүүтэй эвслийн Иракт үйлдсэн халдлагаас үүдэн үүссэн тогтворгүй байдлаас улбаалан “Лалын улс” террорист бүлэглэл байгуулагдсан гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг ч, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын удирдлагад тус улсын иргэд сэтгэл хангалуун бус байснаас болсон гэж Керри хэлсэн байна.
Асадыг татан буулгаснаар тогтвортой байдал эргэн ирнэ гэж Вашингтон үздэгийг тэрбээр мөн нэмж хэлэв.
Х.Аминаа