Ахмад жүжигчин А.Цэгмид хөдөлмөрөө үнэлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАхмад жүжигчин А.Цэгмид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
"Ромео Жульетта" жүжгийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр түүнд шагналыг нь гардуулсан юм.
Жүжигчин А.Цэгмид АНУ-ын “Netflix” компанийн бүтээж буй “Марко Поло” түүхэн кинонд тоглоод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ. Шагнал гардсаныхаа дараа тэрбээр, "Монгол хүн болж төрснөөрөө бахархаж гурван сар зураг авалтад яваад ирэхэд ийм шагнал тосч байна. Энэ шагналыг авч байгаа алтан тайзнаас одоогоос 50 жилийн өмнө 1965 онд "Гарын таван хуруу" жүжгийн эрэгтэй хүүхдийн дүрд тоглож урлагийн гараагаа эхэлсэн. Спорт, урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөсөн зүтгэлийг минь төр засаг үнэлж байгааг баяртайгаар хүлээн аваад сэтгэл догдолж байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Хүүхэд ахуй цагаасаа зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж анх удаа төрийн одон хүртлээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд дурдахад, тэрбээр “Мартагдсан дууль”, “Их замын тоос”, “Өндөр ээж”, “Гал хам”, “Нэр төр”, “Тусгай салаа”, “Огцом эргэлт”, “Өдөр өдрийн нар”, “Ану хатан”, “Улаан дөрвөлжин”, “Хүдэн” зэрэг кинонд дүр бүтээж байв.
Ж.Болор