“Өсвөр үeийнхний танин мэдэхүйн эко аялал” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-18 19:42:34
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам Х.Батбаяртай хамтран “Өсвөр үeийнхний танин мэдэхүйн эко аялал” зохион байгууллаа. Өсвөр үеийнхний экологи болон түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийн төрж өссөн нутгийнхаа сайхнаар бахархах, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү аялалд нийт 30 хүүхэд хамрагджээ.

Хүүхдүүд аймгийнхаа төвийн хойморт орших Булган, Эрдэнэ, Цагд зэрэг хайрхануудын тухай домог яриулж, Булган хайрханы энгэрт байх Богдзонхов бурхан, Хүслийн хадны Цагаан, Ногоон дарь эхийн бүтсэн түүх, Тамирын голын хөндийн дурсгалууд гэх мэтчилэн аймгийн төвийн дөрвөн талд байх хүний гараар бүтэж олон зуун жил хадгалагдаж ирсэн түүх соёлын өвтэй танилцжээ.
    
Аяллын явцад уламжлалт тоглоом наадгай болох алаг мэлхий өрөх, жаргалын найман морь, хумбаарай гэсэн гурван төрлийн тэмцээнд хүүхдүүдийг оролцуулж, уг тоглоомуудын тухай танилцуулга хийлээ. Алаг мэлхий өрөх тэмцээнд III сургуулийн 5А ангийн сурагч М.Номин-Эрдэнэ, Жаргалын найман морь тэмцээнд II сургуулийн 8Г ангийн сурагч Б.Төмөрбат, Хумбаарай тэмцээнд II сургуулийн 7В ангийн сурагч Т.Дашням нар түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Мөн аялалд оролцсон бүх хүүхдүүддээ “Азын дөрвөн бэрх” хадгалуулжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ