Путин: ОХУ цохилт өгөх системээ улам боловсронгуй болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-11 11:22:03

СОЧИ. /TASS/. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /ПДЭХ/ ямар ч системийг давж гарч чадах цохилт өгөх системээ ОХУ улам боловсронгуй болгоно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

“Бид ПДЭХ систем дээр ажиллах болно, гэхдээ урьд нь бидний удаа дараа ярьж байсны дагуу эхний шатанд ПДЭХ ямар ч системийг давж гарах чадалтай цохилтын системээ хөгжүүлэх тал дээр ажиллана” гэж тэрбээр Оросын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, АНУ-ын ПДЭХ системийн жинхэнэ зорилго нь ОХУ-ын цөмийн чадавхыг сааруулах юм. АНУ болон тус улсын холбоотнууд дэлхийн даяар ПДЭХ системийг байрлуулах ажлаа үргэлжлүүлсээр байгаа болохыг Путин сануулсан байна.

Европт ПДЭХ систем байрлуулж байгаа нь Ираны баллистик пуужингийн аюул заналтай холбоотой гэж америкчууд ОХУ-д нэг бус удаа батлан хэлж байсан гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. “Гэвч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалтай холбоотой байдлыг зохицуулсныг бид мэдэж байгаа. Түүгээр барахгүй тус улсын парламент баталсан. Гэсэн хэдий ч ПДЭХ системтэй холбоотой ажил үргэлжилсээр байна” гэж Путин цохон тэмдэглэсэн байна.

Үүнээс харахад Иран болон Умард Солонгосын цөмийн аюул заналтай холбоотой гэх шалтгаан нь АНУ-ын жинхэнэ төлөвлөгөөний халхавч юм гэж Путин онцлон дурджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ