Оросын сөрөг хүчний удирдагчид 20 хоногоор баривчлах ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-10-03 13:10:34
МОСКВА. /Америкийн дуу хоолой/. Москва хотын шүүхээс Оросын сөрөг хүчний удирдагч, улс төрч Алексей Навальный-д олон нийтийн цуглаан зохион байгуулах тухай хуулийг зөрчсөн гэж үзэн 20 хоногоор баривчлах ял оноосон байна гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдээлэв. 

Тэрбээр авлигын эсрэг блог хуудас эрхлэн хөтөлдөг бөгөөд түүнийг өнгөрсөн баасан гарагт баривчилсан байна. Түүнийг “Хууль бус олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг удаа дараалан уриалсан” гэдэг шалтгаанаар баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

А.Навальный ОХУ-ыг 17 жил удирдаж байгаа В.Путиныг 2018 оны 3 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхыг уриалж байгаа юм. Харин Ерөнхийлөгч В.Путин уг сонгуульд оролцох эсэх талаараа албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

А.Навальный өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байсан тул Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж ОХУ-ын сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлсэн бөгөөд энэ шийдвэрийг сөрөг хүчний удирдагч болон түүнийг дэмжигчид улс төрийн зорилготой явууллага гэж үзэж байгаа юм. Баригдах үедээ А.Навальный Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд оролцохоор Москвагаас зүүн тийш 400 км зайтай орших Нижний Новгород хот руу явахаар бэлдэж байсан ажээ. А.Навальный нь ОХУ-ын хотуудад Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан компанит ажлуудыг зохион байгуулж байгаа юм. 
Х.Сарнай 


 

Холбоотой мэдээ