Гарын доорх материал ашиглан хийсэн хичээлийн хэрэглэлүүдээр үзэсгэлэн гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-04 08:28:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын багш нарын баярыг угтан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Улсын тэргүүний" 24 дүгээр цэцэрлэгийн багш, хамт олон гар доорх материал ашиглан хичээлийн хэрэглэгдэхүүн хийж үзэсгэлэн гаргасан байна.
Хүүхдийг монгол ахуйд сургах уламжлалт тоглоом, хэрэглэгдэхүүнийг хийснээрээ уг үзэсгэлэн онцлог төдийгүй 100 гаруй төрлийн 3500 гаруй бүтээл багтжээ. Энэхүү үзэсгэлэнгээ хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ сонирхуулсан байна.
Тухайлбал 3D баримлаар өнгө өнгийн бөмбөлөг хийж, гуашны сав ашиглан хүүхдүүдээ өнгө ялган бөмбөлөгөө хийх савыг бага бүлгийн багш Ш.Буянжаргал хийсэн бол хумсны будаг арилгагчийн сав ашиглан таглаа сав хоёрт нь ижил зураг хийн хүүхдүүдэд ижил зурагтайг олж савыг таглах тоглоомыг Н.Сэвжид багш хийсэн нь хүүхдүүдийн оюуныг хөгжүүлэхээс гадна савыг таглаж сурах буюу гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал хийх боломжийг бяцхан шавь нартаа нээж өгчээ. Мөн зузаан цаасан хайрцаг ашиглан гэрийн тавилга хийж "Айл гэр" сэдэвт тоглоомыг Д.Нацагсүрэн багш хийсэн нь олны сонирхлыг ихэд татжээ.  

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ