Газар тариалангийн бүсэд зам, гүүр муу байгаагаас тээвэрлэлтэд цаг их алдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-03 11:47:58
Yesukheitumur Tumurbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн дөрвөн сумыг холбосон 130 км шороон зам нь 1980 оны үед тавигдсан. Олон жил болсон учраас зарим гүүрийг шинэчлэх, хуучны шороон замыг сайжруулах шаардлага тулгараад байгааг тариаланчид хэлж байна. 
 
2004 оноос хойш 13 дахь жилдээ үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын “Анх тамир” ХХКомпани газар тариалан, авто тээвэр, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 


Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын “Анх тамир” ХХКомпанийн бригадын дарга Г.Хэрлэн:  “Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгуудын урд хэсгээр гантай, хойд хэсгийн сумдаар сайхан жил боллоо. Өнөөдрийн байдлаар ургац хураалт 80 хувьтай явагдаж байна. Мөн  энэ жил бүр техник шинэчлэлтийг хийж К744 трактор, Акросс 585 комбайнуудыг ашиглаж байна. Өнгөрсөн гурван жил дунджаар га-гаас 15,5 цн ургац хураан авдаг байсан бол энэ жил га-гаас 24,6 цн ургац хураан авч байна.  Аймгийн хэмжээнд нийт ургацын гурван хувийг манай компани хангадаг. Бид хурааж авсан тариагаа “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбар болон Тариалан эрхлэгчдийн дэмжих санд тушааж байна. Уг нь тариаланчдаас өндөр үнээр будаа авч байсан боловч “Мил хаус”, “Нүүдэл бренд”-үүд ОХУ-аас зургаан мянган тн улаан буудай импортоор оруулж ирснээс болж гурилын үйлдвэрүүд улаан буудайг өндөр үнээр авахгүй, үүнийг дагаад гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдаж авах үнэ ханш янз бүр байна. Энэ жил "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" өрөндөө улаан буудай 600 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Одоогоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хурааж авсан улаан буудайг нийлүүлж байна.

-Зам харилцаа, дэд бүтэц сайнгүй харагдаж байна. Тээвэрлэлтийг яаж хийж байна вэ?

-Газар тариалан сайн хөгжсөн Канад зэрэг оронд хамгийн түрүүнд авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчихсэн байдаг. Манай нутгийн тариалангийн зам маш муу байдгаас тариа, будаагаа богино хугацаанд нийлүүлж амждаггүй. Аймаг орон нутгаас жил бүр 130 км замыг хусаж сайжруулдаг. Түргэн хугацаанд тээвэрлэлтийг хийхгүй бол цас бороо орсон тохиолдолд зам муудаж шаварт суух,  цаг хугацаа алдах хүндрэлүүд маш их тулгардаг. Бид улаан буудайгаа хүргэж өгөхийн тулд Гуртын даваа, Монст даваа, Зүүнбүрэн сумаас Сүхбаатар сум хүрэхэд нэг талдаа 160 км замыг туулж байна. Хэрэв Монгол Улсын улаан буудайн 30 хувь, Сэлэнгэ аймгийн улаан буудайн 40 хувийг хураадаг Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг дөрвөн сумын холбосон 130 км замыг сайжруулбал тариаланчид цаг хугацаа хэмнэж, дөт замаар богино хугацаанд тээвэрлэлтийг хийх боломж нээгдэнэ. Одоо ашиглаж байгаа шороон зам, гүүрнүүд 1980-аад оны үед тавигдсан. Одоо бараг 40 жилийн хугацаанд ашигласан замын зарим гүүрийг солих шаардлагатай болоод байна.” гэв.

Сэлэнгэ аймгийн хойд бүс Зэлтэр нутгаар хур тунадас сайтай, харьцангуй ургац өндөр, га-гаас авах ургацын хэмжээ өнгөрсөн гурван жилийн дунджаар га-гаас 23,6 центнер ургац хураан авч байна. Зэлтэр суманд үйл ажиллагаа явуулж буй “Анх тамир” ХХКомпанийн Улсын аварга тариаланч  Б.Алтангэрэл:



“Энэ жил ургац арвин байна. Цаг агаарын байдлыг ашиглаж ургац хураалтыг явуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын гуравдугаар аян”-ны хүрээнд техник хэрэгсэл шинэчлэгдсэн. Өмнө нь хуучин техник хэрэгсэлтэй байхад өдөрт 100 га талбайг хурааж авдаг байсан бол өнөөдөр техникийн шинэчлэл хийгдсэнээр өдөрт 130-180-ийн га талбайгаас хурааж авч байна. Энэ жил  манай компани 2000 га талбайд тариалалт хийсэн. Өнгөрсөн жилийнхээс илүү хур тунадастай байсан учраас ургац арван авч байна. Өнгөрсөн жил га-гаас 18 цн авч байсан бол энэ жил 23-24 центнерийг хурааж байгаа. Өнөөдрийн байдлаар манай компани 1600 га талбай буюу 3800 тн ургац хурааж, ургац хураалтын ажил 70 хувьтай явагдаж байна. Үлдсэн 400 га талбайг хураачихвал энэ намрын ажил дуусна.

-Энэ жил хичнээн хэмжээний талбайд уринш бэлтгэв?

-Механик уринш боловсруулалтыг 400 га талбайд хийсэн. Ирэх жилийн ургац урьд жилийн уриншнаас эхэлдэг учраас эртнээс бэлтгэлийг хангаж байна. Энэ жил тариалж байгаа талбайнуудад ирэх жил давтан тарих боломжтой. Манай тариалангийн талбай чийг ихтэй, хөрс сул, хогийн ургамал бага ургадаг онцлогтой байдаг учраас бусад газруудыг бодвол давуу талтай байдаг. Ирэх жилийн хаврын тариалалтад уринш бэлтгэсэн талбайгаа бүрэн ашиглана.

-Аварга тариаланч хүний анхаарч явдаг зүйл?

-Тариаланч хүн баримталдаг ганц зарчим бол “технологи” юм. Тарьж байгаа ургамал, үрийн будаагаа хэдэн см гүнд хийх вэ, хаана хийх вэ, хэрхэн хурааж авах зэрэг гол технологийг сайн баримталсан байхад тариа сайхан ургаж, арвин тариа хурааж авна.

-Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар ургац хураалт 68,6 хувьтай явагдаж байна-

Тус аймаг нийт 305,5 мянган га эргэлтийн талбайд 285 аж ахуйн нэгж, 150 иргэд үйлдвэрлэл явуулж байна. Жилд дунджаар 160 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй га-д уринш бэлтгэдэг. Энэ онд нийт 203,0 мянган га талбайд тариалалт хийснээс өнөөдрийн байдлаар
  • Улаанбуудай 17 мянга 130 га талбайд ургац алдаж, 75 мянга 113 га талбайгаас ургац хурааж байна. Нэгж талбайгаас 11,4 цн буюу 85 мянга 477,5 тн ургац хураан авч байгаа бөгөөд ургац хураалт 56,7 хувьтай явагдаж байна.
  • Тэжээлийн ургамал 11 мянга 072 га талбайд тариалж, 805 га ургац алдаж, 2036 га талбайд хураалт явагдаж байна.
  • Тосны ургамал 34 мянга 257 га талбайд тариалж, есөн мянга 201 га ургац алдаж, таван мянга 259 га талбайд хураалт хийгдэж , нэгж га талбайгаас 6,8 цн буюу 3572 тн ургац хураан авч байна.
  • Төмс энэ жил хоёр мянга 572 га талбайд тариалж, 64,7 га ургац алдаж, нэг мянга 929,2 га талбайд хураалт хийж байна. Хүнсний ногоо 2476 га талбайд тариалж, 112,6 га ургац алдаж, 1883 га талбайд хураалт хийж, ургац хураалт 78,4 хувьтай явагдаж байна.

Т.Төмөр


 
Холбоотой мэдээ