Номгон суманд "Хоршоо түүний хөгжил" форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-26 15:45:02
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Номгон суманд "Хоршоо түүний хөгжил" форум болж аймгийн ЗДТГ-ын төлөөлөл оролцож төрөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулахын зэрэгцээ тэдэнтэй санал бодлоо солилцлоо. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэн боловсруулах, борлуулах малчдын хоршоо, бараа түүхий эдийн бирж байгуулах, хувийн хэвшлийг бодлогоор дэмжинэ гэж "Бид хамтдаа" Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ ажлынхаа хүрээд дээрх форумыг зохион байгуулжээ.
Тус аймагт 100 гаруй хоршоо байдаг. Тэдний 70 гаруй нь мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төр, гадаадын байгууллагын дэмжлэгтэйгээр хоршоог хөгжүүлж байна. Хоршоогоор дамжуулан иргэд өөрсдөө ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэх боломж байгааг хоршоологчид онцолж байгаа юм. 
Форумын үеэр Өмнөговь аймагт төдийгүй улсдаа жишиг хоршоо болоод байгаа "Хөрхийн наран" хоршооны туршлагатай танилцлаа. Тус хоршоо нь "Байгальд ээлтэй ан амьтдыг хамгаалах нийгэмлэг"-тэй хамтран ан амьтдыг хамгаалах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлээд зогсохгүй ноолуураа Франц улсад зах зээлийн үнээс 5-10 мянган төгрөгөөр дээгүүр үнээр борлуулж байна. Мөн бэлчээрийг талхлалтаас сэргийлэн хамгаалах, бэлчээр усаа эзэнжүүлэх, хоточ банхарыг сургах, эсгийний үйлдвэр байгуулах зэрэг ажлуудыг хийж ажлын байрыг нэмээд байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ