Саудын Арави интернет харилцаа холбоонд тавьсан хоригоо цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-09-21 15:08:30

ЭР-РИЯД. /Би-Би-Си/. Эдийн засгийн бүтээмж болон өсөлтийг дэмжихийн тулд интернет аудио болон видео ярианы гол аппликейшн болох "Ватсапп", "Скайп" зэрэг харилцаа холбооны хэрэгсэлд тавьсан хоригоо цуцлах шийдвэр гаргаснаа Саудын Арави улс зарлалаа гэж Би-Би-Си агентлаг мэдээлэв. 

Лхагва гарагаас эхлэн интернетэд суурилсан ярианы үйлчилгээ “бүх хэрэглэгчид нээлттэй” болно гэж тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлсэн байна. Тус улсын “дүрэм журамтай” нийцэхгүй байна гэсэн шалтгааны улмаас интернетэд суурилсан ярианы үйлчилгээг зогсоосон байсан юм.

Мультимедиа гар утасны аппликейшний “Снапчат” компани хуучинсаг үзэлтэй Персийн булангийн орнуудад хэрэглэдэг аппликэйшнаасаа мэдээллийн "Аль-Жазира" телевизийн сувгийг хаасны дараахан Саудын Аравийн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ.

Катарт төвтэй "Аль-Жазира" телевизийн сувгийг Саудын Аравийн эрх баригчид “харгис үзлийг дэмжсэн хор хөнөөлтэй, нэг талыг барьсан суваг” хэмээн буруутгадаг. Үүнийг нь “Аль-Жазира” үгүйсгэж, “сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ болон үйл явдлыг чөлөөтэй дамжуулах эрх чөлөөг хязгаарласан дайралт” хэмээн үздэг юм. 

5 дугаар сарын сүүлээр Саудын Арави “Аль-Жазира”-гийн цахим хуудсанд зочлох бүх гарцыг хаасан бөгөөд түүний дараахан "терроризмыг дэмжиж, Иран улстай харилцаагаа сайжруулж байна" хэмээн Катар улстай харилцах бүх харилцаагаа тасалсан юм. 

 

 Х.Сарнай 
 
Холбоотой мэдээ