Боксын домогт тамирчин Жейк Ламотта өөд болжээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2017-09-21 12:06:00
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. "Хилэнт бух" хэмээх уран сайхны кинонд алдарт жүжигчин Роберт де Ниро дүрийг нь бүтээж байсан боксын тамирчин Жейк Ламотта 95 настайдаа өөд боллоо.

Дунд жингийн дэлхийн аварга боксын тамирчин хатгаа авсны улмаас асрамжын газарт нас барсан тухай түүний эхнэр Америкийн мэдээллийн суваг болох "ТМЗ" сайтад мэдээлжээ.

Ж.Ламоттагийн 1970 оны дурсамж дээр үндэслэн боксын тамирчны дэвжээнээс гаднах амьдралын сэтгэл санааны хүнд бэрхшээлийг "Хилэнт бух" хэмээх кинонд дүрслэн харуулдаг. 1980 онд найруулагч Мартин Скорсисийн бүтээсэн тус киногоор Роберт де Ниро "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий төрөлд Оскарын шагнал хүртэж байжээ.



1922 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нью Йорк хотын Бронкс дүүрэгт итали гаралтай гэр бүлд төрсөн тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар АНУ-ын армид тэнцээгүй тул боксоор хичээллэж эхэлсэн байна. Өөрөө хүнд цохилтонд орон байж өрсөлдөгчдөө хүнд цохилтонд оруулахын тулд өрсөлдөгчтэйгөө аль болох ойртдог чадварыг нь спортын сэтгүүлчид онцгойлон сайшаадаг. Шоронд хоригдож байхдаа олж авсан нэг чадвар бол рингэн дээр эрч хүчтэй байх чадвар тул хүмүүс түүнд "Бронксын бух" гэдэг хоч өгсөн гэдэг.

"Ассошиэйтэд Пресс" агентлагийн нэгэн сэтгүүлч түүний тулааныг “байлдааны хөлөг онгоцны их бууны сум тэсрэн гарч байгаа мэт” хэмээн дүрслэн бичсэн байдаг. Ж.Ламотта мэргэжлийн боксын дэвжээнд гарснаасаа хойш 2 жилийн дараа буюу 1943 онд "Элсэн чихэр" хочит Рэй Робинсонд анхны ялагдалыг нь хүлээлгэж, олон нийтийн анхаарлыг өөртөө татаж чадсан юм.

Ж.Ламотта нь боксын спорт үндэсний хэмжээний хамгийн алдартай спортын төрөл байх үед буюу 1940-1950-иад оны үед ширүүн төрх, хүчирхэг эрүүгээрээ хамгийн алдартай тамирчин болсон юм. Түүнийг захирах гэсэн Мафийн явуулгыг эсэргүүцэж байсан боловч 1947 онд болсон тэмцээнд албаар ялагдсанаа хожим хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээсээ болж боксын спортоос хөндийрөхөд хүрсэн ажээ. 

Тэрбээр спортын замналынхаа туршид 83 ялалт байгуулж, 19 удаа ялагдаж, 4 удаа татгалзаж, 30 удаа хүнд цохилтоор ялж байсан гэж Олон улсын боксын холбооны "Алдрын танхим"-д бичжээ.
Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ