Оросын шинжээчид Шарм-эль-Шейхэд шалгалт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-09 13:40:45

ШАРМ-ЭЛЬ-ШЕЙХ. /Sputnik/. Шарм-эль-Шейхийн нисэх буудалд өнөөдөр Оросын шинжээчид аюулгүй байдлын шалгалт хийж байна.

Тус буудлаас Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан Оросын Когалымавиа агаарын тээврийн компанийн нисэх онгоц осолдож, 224 хүн амиа алдсан билээ. Энэ нь Оросын агаарын тээврийн салбарт гарсан хамгийн том осол юм.

“Оросын шинжээчид шаардлагатай ажлыг хэрэгжүүлэх зөвшөөрлөө ням гарагт авсан бөгөөд өнөөдөр ажиллагаа эхэлнэ” гэж нисэх буудлын орлогч захирал Хани Рамзи хэлсэн байна.  

Оросын аюулгүй байдлын шинжээчдийн хоёр баг аль хэдийн Египетэд очсон тухай, гурав дахь баг удахгүй тус улсыг зорих тухай Оросын Ерөнхий Сайдын орлогч Аркадий Дворкович мэдэгдэв.

Оросын шинжээчид Египетийн томоохон нисэх буудлуудын аюулгүй байдлын түвшнийг шалгаж, хэрэв шаардлагатай гэж үзвэл нэмэлт арга хэмжээ авах талаар зөвлөмж өгөх юм.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ