Д.Трамп: НҮБ боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-19 13:14:17
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Хүнд суртал ба буруу удирдлагын улмаас НҮБ өөрт байгаа нөөц бололцоог бүрэн ашиглаж чадахгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр,  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт НҮБ-ын төв байранд анх удаагаа мэдэгдэл хийхдээ "Хүнд суртлаа багасгаж, хүмүүстээ илүү анхаарлаа хандуул” гэж НҮБ-д хандан хэлсэн байна.

НҮБ-ын төсвийг бүрдүүлэхэд АНУ хамгийн их хувь нэмэр оруулсаар ирснийг шүүмжилдэг Д.Трамп “Хэрвээ гишүүн улс орнууд бүгд хамтран ажиллавал НҮБ илүү хүчирхэг болох боломжтой” гэжээ.

193 гишүүн улс оронтой НҮБ-ын нэгдсэн төсвийн 22 хувийг, энхийг сахиулах ажиллагааны төсвийн 28 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг аж.

Д.Трамп өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандан анх удаагаа үг хэлэх үеэрээ илүү өргөн цар хүрээг хамарсан асуудлыг хөндөн ярих төлөвтэй байна. Тухайлбал, тэрбээр Умард Солонгос болон Ираны талаар илүү хатуу чиг шугам баримтлахыг НҮБ-ын гишүүн улс орнуудад уриалах бололтой.
 
Г.Доржханд


Холбоотой мэдээ