“А321”-ийг дэлбэлсэн байж болзошгүй сэжигтэн хэн болохыг мэдээлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-09 11:24:05

ЛОНДОН. /Reuters/. Египетэд осолдсон Оросын зорчигч тээврийн “Airbus А321” онгоцонд террорист “Вилайят Синай” /бүтэн нэр нь “Лалын улсын Синай муж”/ бүлэглэлийн толгойлогч Усама аль-Масри дэлбэлэлт зохион байгуулсан байж магадгүй гэж Их Британийн “The Sunday Time” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Их Британийн эрх баригчид энэ мэдээллийг нотолсон бөгөөд Усама аль-Масриг баривчлах эсвэл устгах ажиллагааг зохион байгуулахад ОХУ-д эсвэл Египетэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн байна.

“The Sunday Time” сонинд мэдээлснээр, Усама аль-Масри нь лалын шашны “Аль-Азхар” их сургуульд суралцсан, Египетийн санваартан аж.

Их Британийн тагнуулынхны нийтэлсэн мэдээллээс үзвэл, нисэх онгоцны буудалд ажилладаг “Вилайят Синай” бүлэглэлийн гишүүн Оросын нисэх онгоцонд бөмбөг суурилуулсан байна. Энэ хүн одоог хүртэл сул чөлөөтэй явж байгаа хэмээн Лондоны эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Оросын онгоцонд тэсрэх төхөөрөг дэлбэрсэн байж магадгүй гэдэг хувилбартай санал нэг байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 11 дүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн АНУ ослын шалтгааныг өөрсдөө мөрдөн шалгаж, “чухам юу болсныг тогтооно” гэж мэдэгджээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Обамагийн дээрх мэдэгдэлд тайлбар өгөхдөө, энд ослын шалтгаануудын талаарх нэг таамгийн тухай л ярьж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Оросын нисэх онгоц Синайн хойгт осолдсон хариуцлагыг “Лалын улс”-ын хяналтад байдаг бүлэглэл хүлээсэн тухай хэвлэлүүд 10 дугаар сарын 31-нд мэдээлж байв.

Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петербургийн чиглэлд нисч байсан Оросын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн “Airbus A321” онгоц ниссэнээсээ 23 минутын дараа радарын дэлгэцээс алга болжээ. Уг онгоц Синайн хойгт унасан бөгөөд түүнд сууж явсан оросууд голдуу 224 хүн бүгд амиа алдсан байна.

Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг «Вилайят Синай» бүлэглэл нь өнгөрсөн жил “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ