С.Эрдэнэ: Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-13 16:47:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын Ээлжит бус чуулганыг дахин зарлаж, Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлагатай гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар огцроод нэлээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал бий. Энэ бүхэнд тодорхой анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. УИХ-ын тогтоол гарахдаа тухайн Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишгийг эвдсэн. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлж явах нь зохимжтой зүйл биш. Тийм учраас АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаа шийдэж, Засгийн газрыг байгуулах асуудлыг яаравчлах шаардлагатай байна" гэв.

Тэрбээр мөн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлд анхаарах, шүлхийн тархацыг нэн даруй зогсоох зэрэгт Засгийн газар анхаарах шаардлагатай байгааг хэлээд Ерөнхий сайдыг яаралтай томилж, үүсээд байгаа асуудалд ямар гарц, гаргалгаа байгааг олон нийтэд мэдээлэхийг эрх баригчдаас шаардсан юм. Ингэхийн тулд УИХ-ын Ээлжит бус чуулганыг дахин яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газар, Ерөнхий сайдыг асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байгааг онцлов. 

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Та Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тогтоол гараагүй гэж шүүмжиллээ. Хуулиараа Ерөнхий сайд эрүүл мэндийн шаардлагаар гэх мэтээс бусад тохиолдлоор огцорсон тохиолдолд шууд Үүрэг гүйцэтгэгч болж хувирдаг гэж УИХ-ын дарга тайлбарласан. Үүнийг хангалтгүй гэж үзэж байна уу?

-Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч тавьж явах нь өөрөө ямар үр дүнд хүрдгийг бид нэг бус удаа харсан. Тийм учраас л ийм байдлаар явж болохгүй. Энэ Засгийн газарт концесс гэх мэт ярих зүйл бий. Тийм учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яаралтай шаардлага байгаа юм. Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай удаан явж болохгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Үндсэн хуулиар Ерөнхий сайд нэгэнтээ огцорсон бол үүрэгт ажлыг нь шилжүүлэх, дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой.

-Засгийн газрыг хуулийн хугацаа буюу 30 хоногтоо багтаан томилно гэж МАН-аас мэдэгдэж байгаа. Үүнд ямар хариу өгөх вэ?

-30 хоногоо хүлээвэл анхны цастайгаа учирах байлгүй дээ. Эхний цас орно гэдэг манай орны хувьд маш том дохио санамж. Бүх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил, хадлан тариалангийн хураан авалт ч зогсоно. Ямар ч Засгийн газар байгуулагдсан АН хамтрахгүй гэдгээ бид илэрхийлсэн. Тиймээс эрх барьж байгаа намын хувьд дотооддоо өөрсдөө асуудлаа шийдээд, Засгийн газраа бүрдүүлээд явах бүрэн боломж байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаарх шүүх хурлын шийдвэр "Зэс эрдэнэ" компанийн талд гарсан. Одоо УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг үү?

-Бид УИХ дээр олон удаа анхааруулж хэлсэн. Аливаа хувийн өмчид болгоомжтой хандах ёстой. Шүүх, хуулийн байгууллага асуудлыг шалгаж, тогтоогоогүй байхад УИХ өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, аливаа асуудалд шийдвэр гаргах нь туйлын буруу. УИХ мөрдөн шалгах газар биш, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага ч биш. УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль санаачлах, боловсруулах, батлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага. Өнөөдөр өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага чиглэл өгч, шалгуулан, тогтоолгоод шийдвэрээ гаргасан бол өөр. Гэтэл ямар ч шалгасан тогтоосон зүйл байхгүй, шууд олон түмний сэтгэлзүй дээр тоглолт хийж, шударга болж харагдах гэж бусармаг үйлдэл хийсэн нь шүүх дээр унаж байна. Шийдвэр гаргасан этгээдүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой.

-Ээлжит бус чуулганыг Хаврын чуулганаас наана зарлах шаардлагыг танай бүлгээс тавьж байна. Асуудлыг цааш хэрхэн албан ёсоор тавих вэ?

-УИХ дахь АН-ын бүлгээс асуудлыг УИХ-ын удирдлагад албан бичгээр тавина. Ний нуугүй хэлэхэд цаг хугацаа гэдэг маш хатуу шүүгч байдаг. Бид сөрөг хүчнийхээ хувьд үүргээ гүйцэтгэж байгаа юм. Бид эрх баригчдад улс орны нөхцөл байдал ямар байгааг анхааруулах үүрэгтэй. Хоёрдугаарт бид адилхан сонгогчдоос сонгогдсон төрийн түшээд. Тиймээс нийгэмд тулгамдсан асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэхэд анхаарах үүрэгтэй.

-УИХ-ын гишүүн А.Сүхбат АН-д орох өргөдлөө өгсөн гэж үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар А.Сүхбат гишүүн ямар нэг өргөдөл өгсөн зүйлгүй. А.Сүхбат гишүүн өмнө нь манай намд байсан. Төв шуудангийн урд талын байранд байхад АН-ын батлах гардаж авсныг би маш сайн санаж байна.

-ОУВС-гийн хөтөлбөрийн гурав дахь шатны яриа хэлэлцээр тун удахгүй явагдах ёстой. Гэтэл Засгийн газартай холбоотой асуудлаас үүдэж саад бэрхшээл тулгарч болзошгүй байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Бодит нөхцөл байдлаа эргээд харах юм бол 800 гаруй тэрбум төгрөгийн концессыг гишүүддээ хуваагаад идэж байгаа Засгийн газарт гаднаас ямар ч тусламж өгөөд хэрэггүй. Хоёрдугаарт, цалин тэтгэврээ нэмээгүй байж сайд нарын зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Монголын төр л юм бол эхлээд өөрсдөө хэмнэх ёстой. Эсрэгээрээ цалин тэтгэврээ тав, арван мянга гэхгүй нэмэгдүүлэх нь Засгийн газрын зөв бодлого.
ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа мөнгөн дүн гайхамшиг биш. Манайх шиг байгалийн баялагтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй улс ОУВС-гийн хэдэн ам.доллараар голоо зогоож амьдрах нь өрөвдөлтэй, чадваргүй Засгийн газрын хийдэг үйлдэл. Түүнээс том төсөл, ордоо ашиглаж болно. Жишээ нь, Оюутолгойн олборлолтыг бодитоор шалгаад, хэдэн тонн зэсийн баяжмал экспортолж, хэдэн ам.доллараар зарж байна, тэр мөнгө хаашаа орж байна вэ гэдгийг тогтоож чадах юм бол ОУВС-гаас авч байгаа ам.долларыг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө тайлан тооцоонд оролгүй, гадагш урсаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр бид баялагтаа эзэн байж, хяналт шалгалтдаа хатуу баймаар байна. Ингэж байж баялгийнхаа бодит өгөөжийг ард түмэнд өгнө.

Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 6700 ам.долларт хүрлээ. Нүүрс сүүлийн гурав дөрвөн жилд өсөөгүйгээр өслөө. 2016 онд Монгол Улс 293 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийж байсан. Өнөөдөр 1 тэрбум 300 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийгээд байгаа. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Дээр нь энэ Засгийн газар байгуулагдахад Монгол Улс 22.5 тэрбум ам.долларын өртэй байсан. Гэтэл өнөөдөр 24.9 тэрбум ам.долларын өртэй болчихлоо. Нэг жилийн дотор 2.5 тэрбум ам.долларын өр тавьсан байна. Энэ мөнгөөр юу хийсэн юм бэ? Юун “Чингис” бонд. “Чингис” бондоор бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл бондын мөнгийг нэг дахин нугалах хэмжээний өр жилийн дотор тавьчихсан мөртлөө нуугаад ил тод хэлэхгүй байгаа юм.  Дээр нь нүүрсний борлуулалтаас орж ирсэн нэг тэрбум ам.доллар хаашаа орсныг бүү мэд. Санхүү эдийн засгийнхаа тайланг нуугаад, ил тод гаргахгүй байгаа. Ийм байдлаар улс орон цааш явахгүй. Тиймээс бид Ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардана. Бидний шаардлагаар хөдлөх эсэхийг мэдэхгүй. Нөхцөл байдал ямар байгааг мэдээлэх нь бидний үүрэг.

-АН олонх байхдаа Засгийн газраа огцруулсан. МАН мөн ялгаагүй огцрууллаа. Хоёр том нам ийм байдалтай байгаад ард түмэн сэтгэл дундуур байх шиг? АН шинэчлэгдэх шаардлагатай гэсэн хүлээлт ч их байна. 

-АН-ын хувьд шинэчлэлийн ажлаа бодитой явуулж байгаа. Анх удаа бид нийт гишүүдээсээ намынхаа даргыг сонгосон. Намын дотоод дүрэм журам, өөрчлөлт шинэчлэл, үзэл баримтлалын төслийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. АН-ыг шинэчлэгдээгүй гэж хэн ч дүгнэх аргагүй байх. Өнөөдөр эрх барьж байгаа намын алдааг АН-д тохох гэж байгаа нь буруу. Хоёрдугаарт, Засгийн газар солигдсоноор нөхцөл байдлыг дүгнэж болохгүй. Муу ажиллах юм бол ямар ч Засгийн газар огцрох ёстой. Тухайн эрх барьж буй нам бодлогоо тогтвортой явуулах нь чухал. Тогтвортой байгаа нь энэ гээд ажиллах чадваргүй Засгийн газрыг удаан ажиллуулах нь илүү хор хөнөөлтэй. Би нэг зүйлийг шулуухан хэлчихье. АН өөрийнхөө Засгийн газрыг огцруулж байсан жишээ ховор. Харин манай Засгийн газрыг сөрөг хүчнүүд огцруулдаг байсан. Нэг үгээр хэлбэл АН дангаараа хэзээ ч засаглаагүй. Өмнөх Сангийн сайд Ч.Улаан байсан дараа нь Ж.Эрдэнэбат болсон. Монголбанкны тэргүүн дэд захирал Б.Жавхлан гишүүн байсан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байсан гээд ярих юм бол 2012-2016 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодит дүр зураг, санхүүгийн байдлыг МАН мэдэхийн дээдээр мэднэ. Тухайн үед эдийн засгийг чиглүүлж байсан нам нь МАН юм. Гэтэл хамгийн сайн мэдэж байсан мөртлөө 2016 онд яагаад тийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа юм, сонгуулийн дараа бүгдийг харлуулах шаардлага байсан юм уу, үгүй юм уу. Улс орноор тоглож байгаа юм уу яаж байгаа юм. Гэхдээ хоёр намыг давхраар нь харлуулах гуравдах сонирхол байгааг бид харж байгаа. Улс төрийн хүчнүүд өөрсдөө гарч ирээд танилцуулаад, өрсөлдөх бүрэн боломж, орон зай бий шүү дээ. 

-Засгийн газраа огцруулснаар ажил сайжирсан түүх бий юу?

-Би үүнийг шууд хариулж мэдэхгүй байна. Гэхдээ хариуцлага тооцож байгаа нь эрүүл байгаагийн шинж. Дарангуйлалтай улс оронд Засгийн газар нь байж л байдаг, шүүмжилсэн нэгнийгээ нухчин дардаг. Ардчилалтай улс оронд Засгийн газар нь огцорч л байдаг, дараагийнх нь байгуулагдаж л байдаг. Харин төрийн бодлого тогтвортой байх ёстой. 

-Тэгэхээр МАН эрүүл байна гэж та дүгнэж байна уу?

-Яагаад эрүүл бус гэж. Ажил хийж чадахгүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. Би МАН-ыг эрүүл байгаа юм байна гэж харлаа. Бие биедээ хариуцлага тооцож, булхай, хулгайгаа нуухгүй байна. Юу нь буруу гэж. Харин долоо хэмжиж нэг огтол гэж үг бий. МАН Засгийн газраа анх байгуулахдаа албан тушаал наймаалцсан, сандал суудалд хэт шунасан асуудал эцсийн үр дүнд огцруулах үндэслэл болсон.

-Дараагийн Засгийн газрыг дэд сайдгүй байгуулаасай гэсэн хүлээлт иргэдэд байна. Та өөрөө сайд байсан хүний хувьд дэд сайдын үүрэг хэр чухал вэ?

-Дэд сайд, Шадар сайд гэдэг орон тоо бол Эвслийн Засгийн газрын үед байж болно. Яагаад гэхээр эвслийн Засгийн газарт байгаа намууд бие биедээ хяналт тавих орон тоо. Гэтэл дангаараа хэт олонхоо бүрдүүлсэн намд дэд сайд, Шадар сайдын шаардлага ерөөсөө байхгүй. Би өнгөрсөн 2012-2016 онд Засгийн газарт ажилласан. Би л хувьдаа дэд сайдын шаардлагыг олж хараагүй. Өнөөдөр фейсбүүк, твиттерийн жиргээч дэд сайд нартай л болсон. Ийм хүмүүсийг байлгаж байхаар орон тоог нь хэмнээд хүүхдийн мөнгөө өгч, цалин, тэтгэвэр, багш  нарын цалинг бага ч гэсэн мөнгөөр нэмж болно шүү дээ. Ийм боломж бий. Ний нуугүй хэлэхэд сандал суудлыг олон хүнд хувааж өгөх гэсэн л арга явж байгаа юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ