Л.Батсайхан: Хэнтий аймагт 2800 хүн хэлмэгдсэн тоо баримт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-08 19:29:44
Хэнтий /МОНЦАМЭ/. Манай Улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, санан дурсах өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.  Харин энэ жилийн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдөр нь  их хэлмэгдүүлэлт эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 80 дахь жил нь болж байгаа аж. Энэхүү 80 дахь жилийн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн хүрээнд хийсэн ажил, ойрын үед хийгдэх ажлуудын талаар Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайханаас тодрууллаа. 

Та бүхний амрыг айлтгаж, мэндчилье. Монгол Улсын түүхэнд бараанаар бичигдэж, олон байгууллага, айл, өрхөд хор, хохирол авчирч, гамшиг тарьсан 1937 оны их хэлмэгдүүлэлт, улс орныг хамарсан хомроглон сүйтгэл, баривчилгаа хийснээс хойш 80 жил болсон байна.
            Хар бараан өнгөөр түүхэнд тэмдэглэгдсэн энэ улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 оноос эхтэй. 1933 онд манай аймгийн Дадал, Баян сумыг голлон нилээдгүй сумдыг хамарсан Ж.Лхүмбийн гэх 314 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн явдал бол манай аймаг, зүүн бүс нутгийн айл өрхөд томоохон эмгэнэл, гай барцад авчирсан байдаг. Тэртээ 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олон нийтийн өмнө нэр бүхий Монгол улсын төрийн албаны том тушаал бүхий 14 хүнийг зохион байгуулалттайгаар шүүн хилсээр шийтгэж, амь насыг нь хороосон бөгөөд Монгол Улсын түүхэнд дахин давтагдах учиргүй энэ том хэлмэгдүүлэлт, хилсээр шийтгүүлж, амь хороогдсон хүмүүсийн дотор Баян-Адрага сумын харьяат тухайн үедээ Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч сайд, ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Гончигийн Самбуу хэмээх эрхэм багтсан байдаг.  Энэ бол том гарз хохирол бөгөөд манай аймагт нийт 2800 орчим хүн хэлмэгдсэн тоо баримт байна.
            Энэхүү үйл явдлаас хойш 80 дахь жил, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх 22 дахь арга хэмжээг зохион байгуулж байна, манай аймаг.  Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, тогтоол шийдвэрээ гарган, арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.  Бид энэ өдрийг угтан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос албаны  хүмүүсийг урьж ирүүлэн,  хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг хэрхэн олгох, иргэдээс ирсэн баримт материалыг  хэрхэн  шийдвэрлэх талаар зөвлөгөө авч ажиллалаа.  Нийт 37 иргэн уулзаж, зөвлөгөө авснаас 7 иргэний нөхөн олговрыг олгуулахаар  шийдвэрлүүлж, бусдыг нь холбогдох байгууллага, архив, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр судалж байна.
Мөн “Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдөр”-ийг угтан дутуу байгаа Хэлмэгдэгсдийн хөшөө, талбайг засаж янзлах, хуучин хөшөөг нь хэлмэгдэгсдийг буудан хороож байсан гэдэг Баянмөнх уулын баруун суга Мөргөцөгт байрлуулах ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн энэ сарын 6-10-ны өдрүүдэд сум, суурин газар бүрт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, санан дурсах ажлыг зохион байгуулж, уулзалт, буян номын ажлыг хийх, хүндэтгэл үзлүүлэх, зул өргөх, кино үзүүлэх, хор хохирлыг таниулах зэрэг ажлыг хийсэн байгаа.
            Хэлмэгдүүлэлтэд ихээр өртсөн Дадал, Биндэр, Батширээт сумдад анх удаа аймгийн салбар комисс ажиллаж, хэлмэгдэгсдийн үр хүүхэд 45 хүнд хүндэтгэл үзүүлж, санал бодлыг нь сонсож ажиллалаа. 9 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн төвд мөн 30 иргэнд хүндэтгэл үзүүлж, 80 гэрэлт зул өргөж, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдийн лам нар ном уншиж, буян хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургачдад хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар багш нар хичээл заасан байгаа. Ер нь “Хэлмэгдүүлэлтийг мартаж болохгүй, мартвал давтагдана” гэсэн бурханч лам Пүрэвбатын үг маш гүн гүнзгий утга агуулсан байна.
            Ойрын үед хийгдэх ажлуудын тухайд:
            Энэ 9 дүгээр сар нэлээд ажил өрнөсөн сар байх болно. Өнгөрсөн хоёрдугаар сард Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн зорилт гэсэн баримт бичиг батлагдсан. “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийчүүдийгээ дэмжих” зорилт бүхий энэ бодлогын баримт бичгийн заалт бүрийг хэрэгжүүлэхэд ажлын гол анхаарал чиглэгдэж байна. Ирэх 16-ны өдөр Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, шатар, даамын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх бүх нийтийн хөдөлгөөний нээлт, 1000 шатарчны баяр аймгийн бүх сумдад нэгэн зэрэг болох гэж байна.
            Энэ жил “нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой” тохиож байгаа. Тодорхой шийдвэр, 25 ажил бүхий төлөвлөгөөг боловсруулж, батлаад хэрэгжилтийг нь хангах ажлыг эхлүүлээд байна. Номын баяр, өнгөрсөн 4,5 дугаар сард иргэд, байгууллагын дунд аяласан “Ухаалаг дэвтэр”-т бичигдсэн саналыг үнэлэх, эргэн тооцох, Байгаль орчны салбарын нээлттэй өдөрлөг гээд ажлууд ар араасаа л өрнөж байна.  
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ