Мүн Жэ Ин Умард Солонгосыг “номхотгох”-д туслахыг Оросоос хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-06 13:35:31
ВЛАДИВОСТОК. /Yonhap/. Умард Солонгосыг “номхотгох”-д туслахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүслээ.

“Умард Солонгос удаа дараалан пуужин харваж, цөмийн туршилт хийн дэлхий нийтийн аюулгүй байдлыг ноцтой эрсдэлд оруулж байна” гэж Алс Дорнодын Владивосток хотноо өнөө өглөө хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Мүн Жэн Ин Оросын төрийн тэргүүн В.Путинд хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хэрвээ Умард Солонгос өдөөн хатгахаа зогсоохгүй бол нөхцөл байдал хяналтаас гарч болзошгүй.  Тиймээс Пхеньяны өдөөн хатгалгыг зогсоож, Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг үндсээр нь шийдвэрлэх арга замыг олохын тулд манай улс ОХУ-тай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Умард Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй холбоотойгоор бүс нутгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Мүн Жэ Ин, В.Путин нар дээд хэмжээний уулзалт хийлээ.

Пхеньян өнгөрсөн ням гарагт устөрөгчийн бөмбөг туршсан бөгөөд үүнийг түүхэн дэх хамгийн хүчтэй цөмийн туршилт болсон гэж шинжээчид үзэж байгаа юм. Мүн Жэ Ин энэ оны тавдугаар сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсноос хойш Умард Солонгос 9 удаа баллистик пуужин харвасан бол он гарснаас хойш 14 пуужин харваад байна.

Мүн болон В.Путин нар одоо тал тус бүрийн засгийн газрын 10 гаруй албаны хүний хамт өргөтгөсөн уулзалт хийж байна гэж Хөх ордон мэдэгдэв.

Мүн  хоёр өдрийн айлчлалаар даваа гарагт  Орост очоод байгаа юм. Тэрбээр Москвагийн цагаар өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр товложээ.

Оросын Алс Дорнодын хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцохоор Владивосток хотод 50 гаруй улс орны засгийн газар ба бизнесийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн очоод байна. Уг чуулга уулзалт өнөөдөр эхлэх бөгөөд маргааш дуусна.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ