Халх голд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс байгуулах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-06 14:41:38

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З. Энхболдод өргөн барив.

Х.Болорчулуун гишүүн, “Энэ оны 7 дугаар сарын 9-нд “Халх гол” чөлөөт бүсийн тухай 75 дугаар  тогтоолыг УИХ-аар баталсан. Халх гол нь хөрс, цаг уур, газар шорооны хувьд хөдөө аж ахуй хөгжүүлэхэд тохирсон бүс нутаг. Тиймээс энгийн чөлөөт бүс органик цэвэр үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулсан. Олон улсад органик цэвэр үйлдвэрлэлийн чөлөөт бүс нутаг байгуулахдаа малын шүлхий, гоц халдварт өвчин тархахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн бүс нутгийг сонгодог. Үүнээс гадна хөдөө аж ахуйн таримал ургамал нь генийн өөрчлөлтгүй, хөрсний бохирдолгүй, химийн бохирдолгүй байх нь чухал. Одоогоор 90 орон органик үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс хөгжүүлж байна. Эдгээр орноос туршлага судлаад өөрийн орондоо органик үйлдвэрлэлийн бүс байгуулах бүрэн боломж бий” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ