“Нэгдүгээр суваг”-ийн сэтгүүлчийг албадан нутаг буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-09-05 07:33:55
Москва /МОНЦАМЭ/.Оросын “Первый канал” буюу Нэгдүгээр сувгийн Киев хот дахь сурвалжлагч Анна Курбатоваг  Украины Аюулгүй байдлын албаныхан саатуулан, албадан нутаг буцаажээ.
 
Учир нь Курбатоваг сүүлийн долоон сурвалжлагадаа “антиукраинский” буюу Украины эсрэг үзэл санаа сурталчилсан хэмээн үзэж,  нутаг буцаан гурван жилийн хугацаанд  Украин руу нэвтрэхийг хориглосон тухай тус улсын Аюулгүй байдлын албаны төлөөлөгч Елена Гитлянская мэдээлсэн юм.
Тэрбээр “Украины эсрэг зогсох хүн бүрт хариу арга хэмжээ авна” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.
 Анна Курбатоваг өнгөрөгч сарын 30-ны өдөр Киев хот дахь гэрийнхээ ойролцоо эмийн санд  явж байхад нь үл таних хүмүүс хүч хэрэглэн  машинд суулган авч явжээ. Хэрэг явдал болохоос  хэдхэн хоногийн өмнө украины эсрэг үзэл санаа сурталчилсан хүмүүсийн жагсаалтыг гаргадаг “Миротворец” сайт Анна Курбатоваг онцлоод байсан юм. 
ОХУ-ын Гадаад Хэргийн Яам үүнийг сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан зүй бус үйлдэл хэмээн үзэж олон улсын хүний эрхийн байгууллагуудыг анхааралдаа авахыг хүслээ.
 Дашрамд дурдахад сүүлийн нэг сарын хугацаанд Украин улс таван гадаадын сэтгүүлчийг албадан нутаг буцаасан байна.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ