Обама:Оросын онгоц халдлагад өртсөн байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-06 11:40:40

ВАШИНГТОН. /Sputnik/. Оросын зорчигч тээврийн онгоцонд тэсрэх төхөөрөг суурьлуулснаас дэлбэрч осолдсон байх магадлалтай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үзэв.

“Уг онгоцонд тэсрэх төхөөрөг суулгасан байх магадлалтай гэж би бодож байна. Бид үүнийг анхаарч үзнэ” гэж Обама хэлжээ.

10 дугаар сарын 31-нд Египетийн Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан Оросын зорчигч тээврийн онгоц Синайн хойгт осолдож, 224 хүн амиа алдсан юм.

“Тодорхой мэдэгдэл хийхээсээ өмнө манай шинжээчид, тагнуулчид юу болсныг олж тодруулах  гэж хугацаа авах байх. Гэхдээ онгоцонд тэсрэх төхөөрөг байсан байх магадлал байна” гэж Обама нэмж хэлэв.

Тэсрэх төхөөрөг дэлбэрснээс онгоц унасан байж болзошгүй гэсэн таамгийг Их Британи дэвшүүлээд, нислэгээ цуцалсан билээ.

Түүнчлэн Шарм-эль-Шейх, Франц хоорондын бүх шууд нислэгийг зогсоосон талаар тус улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдээд байна.

Нисэх онгоц яагаад осолдсон талаар таамаг дэвшүүлж, түүндээ итгэхэд эрт байна гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ