АТГ-ын мэдээлэл бодит үнэнийг илтэд гуйвуулсан үйлдэл болж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-25 17:27:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр мэдэгдэл хийв. 

Тэрбээр “Шадар сайдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд халдахаар зэхэж байгааг шалгуулахаар долдугаар сарын 3-нд Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газарт хандсан. Мөн долдугаар сарын 31-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүсэлт хүргүүлсэн. Гэвч АТГ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийг өөрийн төрсөн дүү болон садан төрлийнхөө хүмүүстэй нийлэн өөрийгөө мөрдөн мөшгүүлсэн учир яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн тухайгаа мэдээлсэн. Шадар сайд У.Хүрэлсүх  өөрийг нь тагнаж чагнасан, мөрдөн мөшгисэн хууль бус үйл ажиллагааг шалгуулахыг хүсэж ТЕГ, АТГ-т  удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч бүтэн сарын хугацаанд хэргийг авч хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл өнөөдөр ийм мэдээлэл хийж байгаа нь илтэд нэг талыг барьсан, улс төрийн зорилго, бодит үнэнийг мушгин гуйвуулсан үйлдэл болж байна. Хэргийг гэрчүүд нотолсоор байхад хууль хяналтын байгууллага үнэнийг олон нийтэд мэдээллээгүй. Энэ нь зарим төрийн өндөр дээд албан тушаалтан хүссэн үедээ хууль хүчний байгууллагыг өөрийн эрх ашигт үйлчлүүлж байгаа нь үүгээр нотлогдож байна" гэв.  

Шадар сайдын өмгөөлөгч өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатарт ирээд хэргийн явцын талаар, АТГ-т ямар зүйл болж байгаа, гэрч нарыг хэрхэн байцааж байгаа талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Шадар сайд ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн боловч хараахан шийдэгдээгүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Энэ гүтгэлгийн талаар ойрын 2-3 хоногт Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө олон нийтэд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно гэлээ. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ