Вашингтон Хятад ба Оросын компани, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-23 09:57:37
ВАШИНГТОН. /Rueters/. Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлж байгааг зогсоох хүчин чармайлтын хүрээнд АНУ Хятад болон Оросын аж ахуйн нэгжүүд ба иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

АНУ-ын Сангийн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Вашингтон Орос болон Хятадын 10 аж ахуйн нэгж, тэдгээрийн дотор 2013-2016 онд Умард Солонгосоос хагас тэрбум орчим долларын нүүрс импортолсон Хятадын гурван компани болон 6 иргэнд хориг арга хэмжээ авсан байна.

Мөн Умард Солонгосын компаниудтай бизнесийн харилцаатай Хятадын нэгэн компанийн Намиби улс дахь охин компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлдэг Умард Солонгосын аж ахуй нэгжтэй бизнесийн харилцаатай Оросын нэгэн компани болон Умард Солонгост нефть нийлүүлдэг Оросын гурван иргэнийг хар дансанд оруулсан байна.

Хориг арга хэмжээнд өртсөн дээрх компани болон иргэдийн АНУ дахь дансыг хааж, хөрөнгийг битүүмжлэхээс гадна Америкийн компаниуд болон иргэдтэй бизнесийн харилцаа тогтоохыг хоригложээ.

Үй олноор нь хөнөөх зэвсэг үйлдвэрлэхэд Орос болон Хятадын компаниуд, иргэд хувь нэмэр оруулахыг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлэв.

Өнгөрсөн зургадугаар сард Вашингтон дээрх шалтгаанаар Хятадын хоёр компани болон хоёр иргэний эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ