Хүний эрхийг хангах чиглэлээр 175 мянган канад долларын төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-15 16:59:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Канад сангийн “Орон нутгийн санаачлага хөтөлбөр”-ийн хүрээнд  Улаанбаатар хот, Булган, Өвөрхангай аймагт хүний эрхийг дээдлэх, нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн 175 мянган канад долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Канадын Элчин сайдынм яаманд боллоо.

Төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Канадын Засгийн Газрыг төлөөлж Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Эд Жэйгэр болон  төсөл хэрэгжүүлэх иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцов.

2017-2018 оны Канад сангийн орон нутгийн хөгжлийг дэмжих санаачлага хөтөлбөрт нийт 750 гаруй төслийн санал иржээ. Үүнээс ХӨСҮТ-ийн ХДХВ/ДОХ/БЗХӨ-ны Тандалт Судалгааны албаны зөвлөгөө өгөх өрөөний тохижилт, НЗД-ын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн хэрэгжүүлэх нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, “Түгээмэл хөгжил” бие даан даан амьдрах төвөөс хэрэгжүүлэх "Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж" төсөл, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хэрэгжих сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулах замаар орон нутгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зэрэг 13 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон байна.

Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхлээд 20 жил болжээ. Энэ хугацаанд тус сан Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, эдийн засаг, байгаль орчны салбарт нийт 6 сая гаруй канад долларын өртөг бүхий 400 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Л.Нандиа
Холбоотой мэдээ