Домогт шатарчин Г.Каспаров их спортдоо "ганцхан удаа" эргэж ирэхээр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-08-15 09:22:37
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Дэлхийн домогт шатарчин Гарри Каспаров зодог тайлснаасаа хойш 12 жилийн дараа их спортдоо "ганцхан удаа" эргэж ирэх шийдвэр гаргажээ.

Өдгөө 54 настай, Азербайжанаас гаралтай Г.Каспаров АНУ-ын Миссури муж улсын Сэнт-Луйс хотод энэ сарын 14-19-нд болох “Sinquefield Cup” тэмцээний түргэн-блиц тоглолтын төрөлд өрсөлдөх аж. Энэ тэмцээнд Сергей Керякин, Магнус Карлсен нарын дэлхийн шатрын их мастерууд оролцоно.

Тэрбээр 2005 онд зодог тайлж, улс төрийн амьдралд хөл тавин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэгчдийн нэг болсон юм. Тэрбээр В.Путины эсрэг жагсаал цуглаануудад оролцож, “Өөр Орос” нэртэй сөрөг хүчний бүлэг байгуулж байсан билээ.

“Бакугийн араатан” хочит шатрын их мастер дэлхийн шатрын спортод 15 жил ноёрхсон юм.


Тэрбээр өчигдөр “Фэйсбүүк” хуудсандаа “Би их спортдоо бүр мөсөн эргэн ирж байгаа хэрэг биш. Гавьяаны амралтаас ердөө тавхан хоногийн завсарлага авах гэж байна” гэж бичжээ.

Тэрбээр 300 мянган долларын шагналын сантай энэ тэмцээнээс шагнал авбал шагналын мөнгөө сайн үйлсэд хандивлах аж.

1985 онд Г.Каспаров дэлхийн хамгийн залуу аварга болж байв.

Тэрбээр 2013 онд Оросоос явж, Америкийн Нью-Йорк хотод амьдрах болсон юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ