Батноров хийцийн эмээл, тамганы хөшөө сүндэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-11 11:40:26
Хэнтий /МОНЦАМЭ/. Уламжлалт өв соёл, ардын урлалыг хөгжүүлэх чинхүү хүсэл сэтгэлтэй гэр бүлийн санаачилга болон нутгийн иргэдийн хандиваар Батноров буюу Тожил хийцийн 3.2 метрийн өндөртэй эмээлийн баримал, 3.4-3.8 метрийн өндөртэй тамганы хөшөөнүүд тус сумын Бүрдэн толгойд сүндэрлэжээ.

Батноров сумын уугуул И.Авирмэд Хэнтий аймагт ардын урлалын хөшөө босгох талаар гэр бүлийнхэнтэйгээ 2012 оноос яриа өрнүүлж эхэлсэн аж. Тэд ярилцан 3 түмэн адуутай, Монголын уламжлалт өв соёл болох алдарт уран дархны хийцтэй төрж өссөн нутагтаа Ардын урлалын цогцолбор хөшөөг сүндэрлүүлэхээр шийдсэн байна. Уг саналаа Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалд хэлэхэд нааштайгаар хүлээн авч ийнхүү ажил хэрэг болжээ.

Уг хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн Зураач, урчуудын холбооны тэргүүн Д.Батхуяг гарган, тус холбооны уран бүтээлч Ө.Ууганбаяр, Б.Отгонбаатар, Б.Мөнхжин нар нэг сарын хугацаанд урлан бүтээжээ. Ардын урлалын төлөөлөл болсон боржигон эмээлийн баримлын сууринд Батноров хийцийг үндэслэгч Тожил дархны тухай мэдээлэл, Монгол Улсын Гавьяат уурхайчин Чулуунбатын үг, МУСТА Бадралын ая “Мөнгөн чимэгтэй эмээл” дууны үг зэргийг байрлуулсан байна.
Мөн хөшөөнүүдэд Даяны хадны сүг зураг, Идэрмэг сумын Дүнгэнэдэг Хадны сүг зургууд болон адууны тамгануудыг оруулжээ.

Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ