Н.Жавзандулам: Мөрөн нутаг надад хүн эрдэнээр бэлэг барьж угтсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-08 17:55:30
Хэнтий /МОНЦАМЭ/. “Эмч” хэмээх эрхэм мэргэжлийг хүн бүр эзэмшээд байдаггүй, тийм л чухал бас хариуцлага цаг хугацааны мөнхийн хэмжүүрт боловсрол, мэдлэгийн нэгэн хэлбэр юм. Өгөөж баян Өндөрхаан хайрханыг өөртөө багтаасан үүх түүхийн өлгий Хэнтий аймгийн Мөрөн суманд Эрүүл мэндийн төв байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн босгон дээр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмч, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Н.Жавзандуламтай уулзаж ярилцсанаа уншигчдадаа дэлгэе.
           
нэ өдрийн мэнд хүргэхийн хамт ойн баярын мэндийг дэвшүүлье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

-Таны хаана төрж өссөн, эмч мэргэжлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье?
-Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Нууцжаргалын ууган охин болж төрсөн. Бага нас маань хөдөөний хүүхдүүдийн л адил хурга ишиг хариулж, аав ээждээ тусалж өнгөрсөн дөө. Эмч мэргэжлийг сонгосон тухайд гэвэл эмээ маань намайг хүүхэд байхад элэгний хатуурал өвчний улмаас олон жил өвдөж байсан юм. Эмээгээ өвчинтэй яаж тэмцэж байгааг бие сэтгэлээрээ мэдэрч, өрөвддөг байж билээ. Намайг 10-р ангид орсон жил эмээ маань бурхан болсон. Тэр үеэс л эмч болохоор шийдэж, энэ хүндтэй бөгөөд хариуцлагатай мэргэжлийг сонгосон доо. Би мэргэжилдээ үнэхээр хайртай.

Анх Мөрөн сумын Эрүүл мэндийн төвтэй хэрхэн хувь заяагаа холбож байв даа?
-2010 онд ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, Хэнтий аймгийн Галшар сумын Эрүүл мэндийн төвөөс ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа.  Дараа нь аймгийн ЭМГ-ын дарга асан Р.Байгалмаа даргын томилолтоор 2011 оны 9 дүгээр сарын 1-нд Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд томилогдон ирсэн. Ажлаа хүлээж авсаны маргааш эмч болоод анхны хүүхдээ эх барьж авч байлаа. Ингэж л Мөрөн нутаг надад хүн эрдэнээр бэлэг барьж угтан, энэ сайхан хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллах болсон доо. Одоо бол 30 гаруй хүүхдийн хүйн ээж нь болсон байна. Сүүлд Улсын 1-р төв эмнэлэгт Дотрын эмчийн мэргэжлийг давхар эзэмшсэн.

- Эмнэлгийнхээ 80 жилийн түүхийг бичилцэж яваа хамт олноо танилцуулахгүй юу?
-Одоогоор манай хамт олон эмчлэгч их эмч, ЭЭС-ийн эрхлэгч, НЭМА, сувилагч, эх баригч бага эмч, дүн бүртгэгч бага эмч, туслах ажилтнууд гээд нийтдээ 20-уулаа ажиллаж байна.  Бид эвсэг сайхан хамт олныг бүрдүүлж, эрүүл мэндийн “анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй, чанартай үзүүлэхийн төлөө хүсэл зорилго нэгтэйгээр хамтран ажиллаж байна. Мөн байгууллагынхаа 80 жилийн түүхийг бүтээлцэж, амжилтаа түүчээлж ирсэн үе үеийн ахмад ажилтан, албан хаагчиддаа энэ дашрамд талархал илэрхийлье. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд мөр зэрэгцэн зүтгэж ирсэн түүхт хамт олонтойгоо 80 жилийн ойгоо  тэмдэглэн өнгөрүүлэх  гэж байгаадаа баяртай байна.

- 80 жилийн ойгоо угтаж ямар бүтээлч ажлуудыг хийж байна вэ?
-Манай Эрүүл мэндийн төв 2008 онд Мөрөн сумын уугуул Монголын Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор, доктор Цэндийн Хайдавын нэрэмжит эмнэлэг болсон. Энэ хүн “Монгол алтан хундага ургамлын эмзүйн судалгаа” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэргийг И.П.Павловын нэрэмжит Рязаны анагаах ухааны дээд сургуульд хамгаалсан бөгөөд энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан “Монгол алтан хундага” ургамлын хөшөөт цэцэрлэгийг байгуулах, Ц.Хайдавын алдрын булантай болох, Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, 80 жилийн ойн түүхэн ном бүтээх, эмнэлэгтээ гадна, дотно тохижилт хийх зэрэг бүтээлч ажлыг төлөвлөөд байна.

Байгууллагаасаа  төрөн гарсан үе үеийн сайчуудаа дурдвал?
-Тэгэлгүй яахав. Манай эмнэлгийн шавыг тавилцаж явсан Ард түмний гавьяат, Монголын их зурхайч Шайрий хэмээх Гомбо, Давхиа хэмээх Л.Дамдин, Жамъяндагва, Ц.Дондогпэрэнлэй, Л.Тогооч, Ж.Төмөрбаатар, Б.Намсрайжав, анхны эх баригч Цэгмид, анхны хүний их эмч, салбарын эрхлэгч Э.Чүнсрий, анхны их эмч Ж.Хоролгарав, Г.Бадарч, Ж.Тумбаа, Т.Дагва, О.Болд, Г.Оюунтунгалаг, Г.Бурмаа, С.Алтантуяа, Ж.Алтантуяа, Д.Уранчимэг, Д.Энхтуул, Ж.Амартайван гээд үе үеийн алтан гартнуудаа нэрлэж болно.  

-Үе үеийн эмч сувилагч цагаан нөмрөгтнүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Хэнтий аймгийн Мөрөн сумын Эрүүл мэндийн төвийг анх байгуулагдах үеэс өдийг хүртэл 80 жилийн хугацаанд өөрсдийн оюун ухаан, бие сэтгэл, хүч хөдөлмөрөөр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, ажилтан, алба хаагчиддаа түүхт 80 жилийн ойн баярын мэндийг уламжилъя. Тэднийхээ  ажил үйлс, амьдралд нь  эрүүл энх, сайн сайхан  бүхнийг хүсэн ерөөе.
 Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ