Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-08 09:46:52
Завхан /МОНЦАМЭ/. Завханд хэрэгжиж байгаа НҮБХАС-гийн тав дахь хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь удаагаа хөгжлийн бэрхшээлтэй 16-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтад хамруулжээ. 

Сургалтад Улиастай сумын хөгжлийн бэрхшээлтэй 70 орчим эмэгтэй хамрагдаж нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдвараас сэргийлэх мэдлэг олгох, гэр бүл төлөвлөлтийн аргуудаас хэрэглэж сургах дадлыг эзэмшжээ. Сургалтын үеэр эмэгтэйчүүд мөн үзлэгт хамрагдаж зөвлөгөө авчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд энэхүү сургалтад оролцсоноор нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхны мэдээлэлтэй болж, жирэмслэлтээс хамгаалах, зөвлөгөө авахдаа хаана хандах, жирэмсний хяналтдаа хэрхэн хамрагдах, жирэмсний хүндрэл болон аюултай шинжүүдийн талаарх ойлголттой болсон. Ямарваа нэгэн сургалт бүр үр дүнтэй байх ёстой. Тиймдээ ч энэ удаагийн сургалтад оролцогчид өөрсдийн амьдралд тохиолддог хүндрэлтэй бэрхшээлтэй олон зүйлийг эмч нарт хэлж зөвлөгөө авлаа.

Мөн сургалтыг зохион явуулахад ч хүндрэлүүд гарч байв. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нэр, хаягаа бичиж чадахгүй байдаг, бичиг үсгийн чадвар сул, байдлаасаа болоод сургалтад оролцох оролцоо бага байх. Өөрийгөө илэрхийлэх хэл яриа, сонсголын чадавх сул, ойлголцоход бэрхшээлтэй байх, ар гэрийн ажил амьдралаа зохицуулж амжаагүй, аав ээж харгалзагчаа дагуулж явах, хүний гар харах, итгэл үнэмшлээ алдах зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байлаа. Гэхдээ сургалтаас олон эерэг үр дүнг олж харлаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс  сэтгүүлчдэд мэдээллээ. 
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ