Иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагааг өндөржүүлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-07 13:42:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Шангрилла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

 “Эрсдэлд тулгуурлан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь” сэдвийн дор  дээрх хурал тав хоног үргэлжлэх  юм. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн Иргэний нисэхийн газрынхан, олон улсын иргэний нисэхийн 12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнууд гээд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцож байна.

Мөн агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын системийн үйлдвэр эрхлэгчид хүрэлцэн иржээ.
 
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-аас Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захиралуудын 54 дүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаснаар ийнхүү манай улсад чуулж байна.  Өнгөрсөн оны долдугаар сард Шри-Ланка Улсад зохион байгуулсан 53 дугаар хурлын үеэр Монгол Улсад хурлын тугийг  шилжүүлэн өгч,  сэдвийг тодорхойлжээ.



ОУИНБ-ын Ерөнхийлөгч Олумуива Бенард “Монгол Улсын Засгийн газар Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын хуралдааныг  өндөр хэмжээнд зохион байгуулж буйд талархаж байна. Монгол Улс иргэний нисэхийн аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгч байна. Дэлхийн иргэний нисэхийн хөдөлгөөний ачаалал ойрын 15 жилд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Хөдөлгөөний дийлэнх хэсэг нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын агаарын замаар өрнөх юм.

Энэ нь Монгол Улсын агаарын орон зайд багагүй ачаалал үүсгэх учир, Монголын иргэний агаарын тээврийн байгууллага аюулгүй ажиллагаагаа өндөржүүлэх шаардлагатай болж байна. Энэ чиглэлээр бид хамтран ажиллана” хэмээн онцлов.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын хурал манай улсад зохион байгуулагдснаар Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд өргөх, улсынхаа иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах, Ази, Номхон далайн бүсийн орнууд хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх, иргэний нисэхийн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэдгийг манай төлөөлөгчид тодотголоо.

Л.Нандиа
Холбоотой мэдээ