"Нар хүүхэд бүхэнд адилхан тусдаг" хүүхдийн чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-26 22:55:30
Архангай /МОНЦАМЭ/. “Үе тэнгийнхний дарамт байх ёсгүй” уриан дор “Нар хүүхэд бүхэнд адилхан тусдаг” сэдэвт хүүхдийн санаа бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэр гаргах төвшинд хүргэх, үе тэнгийнхний дарамт хүчирхийллийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Архангай аймгийн хүүхдийн чуулганыг өнөөдөр хүүхдийн "Тамир" зуслан дээр зохион байгуулжээ.
Чуулганд 19 сумын төлөөлөл 78 хүүхэд, сумдын Засаг дарга нар, боловсролын нийгмийн ажилтнууд оролцсон байна. Чуулганы үеэр Аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасан “Архангай аймгийн хүүхдийн эрхийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд хүүхдийн талаарх аливаа асуудалд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа. Чуулганд оролцогч хүүхдүүд Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийнхний дарамт хүчирхийлэл түүнийг таслан зогсооход хүүхдийн оролцоо, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, олон нийтийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал гэсэн чиглэлүүдээр салбар хуралдаануудад оролцсон юм. Чуулганаас хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр зөвлөмж гарчээ.
Мөн Сумдын Засаг дарга нар сумынхаа хүүхдийн төлөө салбар зөвлөлийн тэргүүн, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байдаг. Чуулганы үеэр Аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасан хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй өргөтгөсөн хурал хийжээ. Хурлаар аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дүрэм, гишүүдийн чиг үүрэг, зөвлөлөөс 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ