Монголын шинэ Ерөнхийлөгчийг Энэтхэгт айлчлахыг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-07-26 14:41:46
ШИНЭ ДЕЛИ. /EconomicTimes/. Монголын эдийн засаг Хятадаас хамааралтай байгаад шүүмжлэлтэй ханддаг Монголын шинэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг сонгуульд ялалт байгуулсных нь дараа Энэтхэгийн эрх баригчид өөрийн улсад айлчлахыг урьжээ.
 
Энэ нь Энэтхэг -Хятадын харилцаа мухардмал байдалд ороод байгаа энэ үед ач холбогдолтой юм.

Монгол, Энэтхэг хоёр улсын аюулгүй байдлын салбарын болон соёлын харилцаа тогтвортой хөгжсөөр байгаа бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс Далай ламыг эх орондоо хүлээн авсны дараа Хятадын зүгээс тус улсад эдийн засгийн хориг тавьсан үед байгалийн нөөц баялаг ихтэй далайд гарцгүй Монголын зүгээс Энэтхэгт хандсан явдал үүнийг гэрчилж байна.
 
Гэхдээ Монголын засгийн газар Хятадын дарамт шахалтанд орж, Төвдийн оюун санааны удирдагчийг цаашид Монголд айлчлан ирэхийг зөвшөөрөхгүй гэдэг амлалт өгсөн юм.
 
Хятадтай тогтоосон түншлэлийн харилцаа нь өрийн дарамтанд оруулж байгаа учраас Зүүн Азийн энэ улс Хятадаас эдийн засгийн хараат байдлаа багасгахыг эрмэлзэж байна. 1989 онд Монголын гадаад худалдааны 1.5 хувийг БНХАУ эзэлж байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар энэ үзүүлэлт 68.5 хувь болж өссөн байна. Энэ хугацаанд Монголын экспортод  Хятад улс 90.5 хувийг эзлэх болжээ.
 
Монголын нүүрс болон зэсийн орд газрууд Хятадын хараа хяналтанд байна гэхэд болно. Энэтхэг улс Хятадтай залгаа оршдог Монгол дахь өөрийн байр сууриа өргөжүүлэх хүсэлтэй байна. 2015 онд Улаанбаатар хотод айлчилсан Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын эхээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай зарласан даруйд түүнийг Энэтхэг улсад айлчлахыг урилаа.
 
Үүний дараа Ерөнхийлөгч Пранаб Мухержи түүнд захидал илгээж, Энэтхэг, Монгол хоёр улс ардчиллын төлөө байдаг гэдгийг дурдсан байна. Монголд суугаа Энэтхэгийн элчин сайд Т.Суреш Бабу шинэ Ерөнхийлөгчийг албан тушаалаа авсных нь дараа түүнд хамгийн түрүүнд бараалхсан элчин сайдуудын нэг нь байлаа.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Технологийн их сургуулийн салбарыг Монголд нээх тухай түүний саналыг Ерөнхий сайд Нарендра Модид дамжуулж өгөхийг элчин сайд С.Бабугаас хүссэн байна. Мөн тус улсад Энэтхэг-Монголын хамтарсан мэдээлэл технологийн сургууль байгуулах юм.
 
Н.Модигийн засгийн газар Монголд 1 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон билээ. Орост элэгтэй Х.Баттулга Монголыг бусад тивийн улс орнуудтай түншийн харилцаатай байлгахыг хүсдэг нэгэн. Хэдийгээр Монгол Улс байгалийн нөөц баялаг ихтэй ч сүүлйин жилүүдэд эдийн засгийн буруу бодлого явуулсны уршгаар мөнгөний эргэлт буурч, ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц тусламж авахаар болоод байгаа юм.
 
Энэтхэг-Монголын харилцаа батлан хамгаалахын салбарт ч улам өргөжиж байна. Энэтхэг-Монголын хамтарсан цэргийн сургуулилтыг жил бүр зохион байгуулж, Монголын цэргийн албан хаагчдыг бэлтгэхэд Энэтхэг улсын зүгээс хувь нэмрээ оруулсаар байна.

“Economic Times”-ийн дүгнэлт
 
Монголын шинэ Ерөнхийлөгчийг Энэтхэг улсад айлчлахыг урьсан явдал нь БНХАУ-ыг өдөөн хатгах гэсэн оролдлого гэж үзэж болохгүй. Шинэ Делигийн зүгээс үндэснийхээ ашиг сонирхлын дагуу улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх болно. Шинэ Дели харилцаагаа хязгаарлалтанд оруулахгүй гэсэн дохиог Бээжинд өгч байна.
 
http://economictimes.indiatimes.com/news/politics-and-nation/india-invites-new-mongolian-president-a-known-china-critic/articleshow/59762643.cms
Х.Сарнай


  

 


 
Холбоотой мэдээ