Ерөнхийлөгчийн сонгуулийн гурван нэр дэвшигч, хоёр санал хураалт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-07-19 17:25:30
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг улс төрийн намууд, улс төр судлаачид, хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийн өнцгөөс тоймлон бичиж тайлбарлаж байна. Энэ нь ч зөв биз. Сонгуульд ялах, ялагдах бол нэг хэрэг. Өрсөлдөөн юм болохоор нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Харин түүнийг цааш нь авч явна гэдэг өөр зүйл байх болов уу. Сонгуулийн маргааш сонгууль эхэлдэг гэж нэг үг бий. Энэ өнцгөөс харвал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхлээд 11 хонож байна. Өнгөрсөн 11 хоногт Ерөнхийлөгч тангараг өргөлөө, Тамгын газрын даргаа томиллоо, Улсын наадам боллоо. Баяр наадмын уур амьсгалд дарагдсан Ерөнхийлөгчийн долоо дахь сонгууль, тавдахь Ерөнхийлөгчийн талаар эргэн дурсах нь илүүдэхгүй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн амин сүнс нь  гурван нэр дэвшигч, хоёр санал хураалт байсан гэж хэлж болно. Гурван нэр дэвшичийг онцолж байгаа  нь урьд урьдахь Ерөнхийлөгчийн сонгуульд энэ тооны нэр дэвшигчийг байгаагүй гэдэг утгаар өлгөж аваагүй. Харин УИХ-д цөөн суудалтай нэр дэвшүүлэх эрх эдэлж байсан намуудаас энэ удаа нэр дэвшүүлсэн ганц суудалтай  МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар 30,32 хувийн санал авсанд байгаа юм. Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуулийг аваад үзэхэд гурван болон түүнээс дээш нэр дэшигчтэй хэд хэдэн  сонгууль болж байжээ. Тэднээс улс төрийн хоёр гол нам, түүн дотор эрх баригч намын нэр дэвшигчийн хэмжээний санал өвч асан  өрсөлдөгч гарч байсангүй.

Парламентад үнэмлэхүй олонхи 65 суудалтай МАН-аас нэр дэвшигч М. Энхболд 30,19 хувийн санал авч түүнийг арай гэж ардаа хийлээ. Түүний хувьд энэ удаа хоёр дахь санал хураалтад орсон нь нэр төрөө хамгаалах үндсэн хэрэгсэл нь боллоо гэж хэлж болно. Эрх баригч намын нэр дэвшигч ийм байр суурийг хадгалж чадаагүй бол тэдний хувьд хүнд байдалд орох байсан байж мэднэ. Харин М.Энхболд ийм нөхцөлд байдалд хүргэсэнгүй намынхаа нэр хүндийг авч үлдэв бололтой. Эрх баригчдад илгээгдэх санал яагаад С.Ганбаатар руу шуурав гэдгийг АН, МАН хоёрт иргэд итгэхгүй байгаагийн хамгийн том жишээ гэж өнөөдөр зарим нэг нь  ярьж байна. Энэ бол ганцхан өнцөг, цөөн хүний байр суурь. Тэдний хувьд хоёр дахь санал хураалтад тэмдэглэл хийгээгүй  хуудас машинд уншуулж байр сууриа хадгалах гэж оролдлоо. Санал хураалтын машинаас  99450 тэмдэглэл хийгээгүй саналын хуудас гарч ирсэн нь тэднийг баярлуулав бололтой.

Хоёр дахь санал хураалтын урьд өдрүүдэд цагаан санал өгөхийг уриалсан нөхөд үүнийг амжилт гэж ойлгоод байх шиг байна. Урьд өмнө нь сонгогчид  ингэж байр сууриа илэрхийлж байгаагүй  нь үзүүлэболохоос бахархам том амжилт, өөгшүүлээд байх гоц үйлдэл биш болов уу. Монгол Улсын хоёр сая сонгогчийн хувьд 99450 иргэний санал  цөөнд тооцогдоно.

Ерөнхийлөгчийн тангараг өргөөд байгаа Х.Баттулга нь парламентын сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч, түүний хувьд хоёр санал хураалтад хоёуланд нь тэргүүллээ. Нэг үгээр хэлбэл иргэдийн дэмжлэг  тогтмол өндөр байсан гэсэн үг. Гэхдээ хоёр дахь санал хураалтад хоёр нэр дэвшигч өрсөлдсөн гэвэл эндүүрэл. Хоёр дахь санал хураалтын гуравдахь өрсөлдөгч нь тухайн хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч дэмжсэн  тэмдэглэл хийхгүй цагаан хуудас саналын машинд уншуулах уриалга, ухуулга, үйлдэл байв.
Сурталчилгааны явцад бие бие рүүгээ дайрсан хар пи-ар явуулсан талаар хүмүүс хоорондоо ярилцаж байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааных нь үндсэн зарчим нь өрсөлдөгчийнхөө сул талыг сөхөж гаргах, тэр хэмжээгээр төрд буруу зуршилтай хэн нэгнийг ойртуулахгүй байхад л орших юм байгаа биз дээ.

Хэрэв сонгуулийн сурталчилгаа найзан дундаа яваад хоорондоо тохиролцоод хэн нэг  нь сонгогдох байсан бол тэдний сонгуулийн багийнхны явуулсан хар пи-ар буруу. Нэр дэвшигчдийн хүсэл тэмүүллээр биш, иргэдийн сонголтоор сонгох, иргэд мэдэх эрхээ хангах үүднээс илүү мэдээлэл хүссэн. Түүнд нь тохирсон мэдээллийг сонгуулийн сурталчилгаандаа өрсөлдөж байгаа багууд ашигласан бол буруугүй шүү дээ.

СЕХ-ны хувьд эхний санал хураалтын дүнгээр сонгуулийн  ялагчийг тодруулах боломж байсан. Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд 50 сая воны дэмжлэг солонгос иргэнээс авсан гэдэг баримт , үйл явдлын бичлэгийг үндэслэн С.Ганбаатарын авсан саналыг  хүчингүй  болгосон бол  Х.Баттулга мөн л Ерөнхийлөгчөөр сонгогдох байсан юм билээ.

Төрд өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд хуулийн хүрээнд албан тушаалтайгаа дүйх хэмжээний шийдвэр гаргадаг байсан бол дахин санал хураалтын зардал Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарахгүй байсан гэж улс төрийн хүрээнийхэн хэлж байна. Иймд албан тушаалтнаас хуулийн хүрээнд эдэлж байгаа эрх ямбатайгаа  дүйх хэмжээний шийдвэр гаргаж байхыг шаардах хэрэгтэй болжээ.
Г.Эрдэнэбат


Холбоотой мэдээ