Асар том мөсөн уул Антарктидаас тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-07-13 10:46:16
НЬЮ-ЙОРК. /BBC/. Антарктид тивийн Larsen C гэдэг мөсөн давхаргын томоохон хэсэг тасарч, далайд хөвж эхэлснийг судлаачид хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн өчигдөр мэдээлжээ.

Larsen C бол Антарктид тивийн эх газарт бэхлэгдсэн дөрөв дэх том мөсөн давхарга юм. Энэ нь эх газар дээр биш, далайн усан дээр оршдог асар том мөсөн уул ажээ. Тасарсан уул нь Larsen C давхаргын 12 орчим хувийг эзэлж байна. Тасарсан мөсөн уул нь  5 800 хав.дөр.км талбай бүхий асар том хэмжээтэй тул Антарктид тивийн хэлбэрийг өөрчилж байгаа гэнэ. Түүний жин нэг их наяд тоннд хүрэх ажээ.

Larsen C мөсөн давхаргад ан цав гарч буйг энэ оны 1 дүгээр сараас эхлэн эрдэмтэд ажиглаж эхэлсэн байна. Энэ үзэгдлийн шалтгаан нь цаг уурын дулааралтай холбоотой юм.  Эрдэмтдийн үзэж байгаагаар, тасарсан мөсөн уул хайлсан ч гэсэн далайн түвшнийг төдийлөн нэмэгдүүлж чадахгүй аж. 

Х.Сарнай 
Холбоотой мэдээ