Улсын нөөцийн агуулахад 40 жилийн дараа засвар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-29 23:53:13
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баригдаад дөч гаруй жил болж байгаа Улсын нөөцийн салбарын “Өлгий цэг” агуулахад их засвар хийлээ. Тус барилгад өнгөрсөн хугацаанд их засвар хийгээгүй байсан юм. 

“Мерси кор” Олон Улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн 50 сая төгрөгөөр энэ оны 5 дугаар сарын 15-аас агуулахын дээвэр, хаалга, цонхыг шинэчлэх, шалыг цементээр цутгах ажил эхэлсэн аж.

Төслийн санхүүжүүлэгчдийн зүгээс засварын ажлыг аймгийн Улаан загалмайн хороогоор дамжуулан гүйцэтгүүлж, төлөвлөсөн ажил энэ сарын 25-ны өдөр бүрэн дуусч, өчигдөр ашиглалтад хүлээн авлаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, “Мерси кор” ОУ-ын байгууллагын төслийн менежер Б.Энхтуяа, Баян-Өлгий аймаг дахь зохицуулагч Х.Жумагүл, Нөөцийн салбарын дарга Ж.Аманжол, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай нар оролцлоо.

Ийнхүү агуулахад их засвар хийгдсэнээр нөөцийн бараа, материалыг стандартын шаардлагын дагуу хадгалж, эрсдэлийг бууруулах боломж бүрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.  

Ө.Нурболат
Холбоотой мэдээ