Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох журамтай боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-29 14:20:27
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын өчигдрийн ээлжит IV хуралдаанаар "Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хадалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг баталлаа.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай: "Манай аймагт урьд нь ийм журам байгаагүй бөгөөд уг асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд зохицуулж ирсэн юм. Гэвч 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтад "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно" гэж хуульчилж өгсний дагуу бид журмын төслийг боловсруулж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлууллаа" гэв.

Журмын дагуу дээрх тусгай зөвшөөрлийг МNS 5021: 2007, 4946: 2005 стандартын шаардлага хангасан байртай, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд холбогдож, стандартын шаардлага хангасан кассын машин байрлуулсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний газрын дотор болон гаднах орчныг хяналтын систем буюу телекамер байршуулсан аж ахуйн нэгж, иргэнд олгох аж.

Мөн тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 хориглосон заалтыг, 14 дүгээр зүйлийн 14.4- д заасныг 2  буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн тохиолдолд хүчингүй болгохоор журамлажээ.

Тус журам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болох юм.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ