Ашиглах боломжгүй худгуудийг засч, 1000 өрхийг ундны устай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-23 09:37:45
Архангай /МОНЦАМЭ/.Мерси Кор ОУБ-аас зарласан 50 сая төгрөгийн тэтгэлгийн уралдаанд Архангай аймгийн “Лебирал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын төсөл шалгарчээ. Тус байгууллага тэтгэлэгийн мөнгөөрөө Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт суманд 4 мал угаалгын банн, 5 худаг засварлажээ. Өөрөөр хэлбэл, ашиглах боломжгүй болсон, эх нь хамгаалагдаагүй, нурж хагарсан жижиг байшин бүхий уст цэг бүр дээр усны эхийг хамгаалан 12м2 байшин шинээр барьж, хоёр худаг дээр шинэ насос байрлуулж, бүрэн ажиллагаанд оруулж өгчээ.
Энэ ажил хийгдсэнээр дээрх дөрвөн сумын сумын төвөөс ундныхаа усыг зөөдөг байсан 988 өрх болон 300 мянга гаруй мал уух устай болсон байна.
50 сая төгрөгийн тэтгэлэг нь Мерси Кор ОУБ-ын “Зудын эрсдлыг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд зудаас үүссэн сөрөг нөлөөг урт хугацаанд бууруулах зорилгоор зарлагдсан байна.  Энэ тэтгэлэгт 15 аймгаас 98 төсөл ирсэн бөгөөд үүнээс 10 төслийг шалгаруулж, 500 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг олгожээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ