Чингэлтэйн гудамжийг Дарь-Эхийн замтай холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-21 16:51:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих” ажлыг өнөөдрөөс эхлүүлж ирэх 11 дүгээр сард дуусгана хэмээн төслийн гүйцэтгэгч "Мотор сервис" компанийн удирдлагууд хэллээ.

Тодруулбал  авто замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 2 метр өргөн ногоон байгууламж, 3 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн замыг 6 тэрбум 353 сая 399 881 төгрөгөөр  барихаар төлөвлөсөн байна. Гаднах тойрог  зам нь хотын төвийг холбох гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан  өнгөрүүлэх аж.
 
Дээрх автозамыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулахаас гадна Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгана гэдгийг албаныхан тодотгов.
Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ