ОХУ-ын эсрэг авч буй АНУ-ын хоригийн жагсаалт нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-21 14:17:03
Москва /МОНЦАМЭ/ Зургадугаар сарын 20-нд АНУ-ын хоригийн жагсаалт 38 пунктээр нэмэгдсэн тухай Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр “ОХУ Украйныг тайван орхих хүртэл бид ОХУ-ын эсрэг авч буй хоригоо зогсоохгүй” хэмээсэн юм.
АНУ-ын шинэ хоригт ОХУ-ын 19 төрийн түшээд, хувь хүн болон 19 томоохон компани багтсан байна.

Тодруулбал ОХУ-ын Сангийн сайдын орлогч Сергей Назаров, Холбооны зөвлөлийн гишүүн Александр Бабаков болон тэдний туслахууд мөн галт зэвсэг үйлдвэрлэгч компани “Молот-Оружие”, “Транснефть” түүнчлэн Крымийн хойгийн 11 компани уг хоригийн жагсаалтад багтсан аж.

Хоригт багтсан хувь хүн АНУ-д зорчих боломжгүй болж байгууллага компаниудын АНУ дахь идэвхитэй дансыг хориг тайлагдах хүртэл хаах юм байна.

АНУ-ын энэхүү үйлдлийн тухай ОХУ-ын ГХЯ-ны Сайд Сергей Лавров “Цагаан ордон бидний эсрэг шинэ хориг авч буй нь ямар ч утга учиргүй шийдвэр боллоо. Үүнээс харахад хоёр орны харилцаа сайжрах болоогүй гэдэг нь харагдаж байна. АНУ-ын шинэ хоригт бид хариу барина” хэмээсэн юм.

/Москва хот/ Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ