Барилгын компаниуд нэгдэж, хямд орон сууцыг богино хугацаанд барих хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 13:20:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, НЗД С.Батболд нар өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулах болсон талаар аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгсөн юм

Энэ үеэр БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, “Гэр хорооллын дахин төлөвлөлт удаашралтай байгаад гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй. Хоёрдугаарт, компаниуд өөрт байх боломжоосоо хэтэрсэн ачаалалтай гэрээ хийсэн байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт асар их байна. Цаашдаа Засгийн газраас аливаа хөрөнгө оруулалтуудыг дэд бүтцийн хөгжилд зарцуулах бодлого баримтлана. НЗДТГ-аас өгсөн мэдээллээр барилгын компаниуд 24 байршилд дахин төлөвлөлт хийж байна. Энэхүү ажлын үр дүнг иргэд хүртэх учраас зөв зохион байгуулалтаар  шуурхай хийж гүйцэтгэх боломжийг судлаж байна” гэв.

Мөн НЗД С.Батболд, “Бусад орны туршлагаас харахад иргэдийг орон сууцжуулах төслөө үндэсний хэмжээний томоохон аян болгож хөгжүүлдэг юм байна. Бид өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн урагшлахгүй байгаа шалтгаан, тулгамдаж буй асуудлуудыг судалж үзсэн. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. Дахин төлөвлөлтийг эхлүүлэхдээ хангалтгүй судалгаа хийсэн. Компаниудын санхүүгийн чадавхи, иргэдийн газрыг хэрхэн чөлөөлөх, төрийн байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд яаж оролцох зэргийг иж бүрэн шийдээгүй учраас зогсчихоод байна.

Дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн газруудад шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Одоо гацаад буй барилгуудыг 10, 20 жил хүлээх боломжгүй тул Монголд байгаа бүх барилгын компаниуд нэгдэж, хямд өртөгтэй орон сууцыг богино хугацаанд барих хэрэгтэй. Тийм учраас компаниудын төсөл хэрэгжүүлж байгаа газруудыг аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалд тохируулан дахин хуваарилна” хэмээв.

М.Жавзмаа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ