Нийт 41 мянган суралцагч "Оюутны хөгжлийн зээл" авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-20 13:38:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталж, нөхцлийг нь хөнгөлөн, хамрах хүрээг нь өргөжүүллээ. Ингэснээр нийт 41 мянган оюутан, суралцагч уг зээлд хамрагдах боломж бүрдэв.

Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор "Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг баталж, өнгөрөгч 12 дугаар сарын 25-ны өдрөөс зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 1002 оюутан 1,6 тэрбум орчим төгрөгийн зээл аваад байгаа аж. Гэвч Сургалтын төлбөрийн зээл олголтын хамрах хүрээ харьцангуй хумигдмал байсан учир иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн дээрх журамд өөрчлөлт оруулсан юм.

“Оюутны хөгжлийн зээл”-ийн журамд өөрчлөлт оруулснаар: 
  • Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид "Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдах боломжтой болж байна.
  • Хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй боллоо. Харин Урт хугацааны зээлийг зөвхөн бакалаврын түвшний суралцагч авна.
  • 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болох өөрчлөлт оруулснаар 6000 оюутан зээл авах эрхтэй боллоо.
  • Зээл авахын тулд долоон төрлийн бичиг, баримт бүрдүүлж, нотариатаар баталгаажуулж байсныг цуцаллаа. Энэ мэдээллийг цахим хэлбэрээр банк бүр шалгаж байх боломжийг бүрдүүлснээр зээл авагч 3-7 хоног хэмнэх юм.
  • Оршин суух харьяалал харгалзахгүйгээр зээл олгох болсноор орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд зээл авахын тулд заавал орон нутаг руугаа явах, эсвэл эцэг, эх, зээлийн баталгаа гаргасан хамтран зээлдэгч нь Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй болж байна.
  • Зээлийн баталгааг малчин эцэг, эх гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцөлийг хөнгөрүүлж, Малчны зээлийн эргэн төлөлтийн нөхцөлтэй ижил байх юм.
  • Хамтран зээлдэгч нь зөвхөн гэр бүлийн гишүүд байхаар тусгасан байсныг өөрчилж, зээлийн эрдслийг хариуцахаа илэрхийлсэн Монгол Улсын иргэн байж болох боллоо.
Энэ талаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр "Оюутны хөгжлийн зээлийн сангийн хамралт хангалтгүй байгаа учраас өнөөдөр журамд өөрчлөлт орууллаа. Журамд оруулсан өөрчлөлтөөр нийт 41 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой болж байгаа" гэлээ. Журамд өөрчлөлт оруулснаар энэ оны төсвөөс нэмэлт хөрөнгө гарахгүй бөгөөд энэ жил 82.7 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулах юм.  

Цаашид оюутны хөгжлийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоход үүсэх эргэн төлөлтийн эрсдэлийг шийдвэрлэх банк, санхүүгийн механизм  бий болгох, эргэн төлөлт, хуримтлалын хөрөнгөөрөө төсөвт ачаалалгүй, бие даан хөгжих сангийн талаар судалж, ирэх 11 дүгээр сард танилцуулах аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ